Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы зам таван багцаас бүрдэж байгаа. Үүнээс хоёрынх нь ажил маргаашаас эхэлнэ"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын таван багцын I болон V багцын ажил маргаашнаас эхлэх гэж байна.

Энэ талаар замын ажилд техник, технологийн хяналт тавьж буй "ICT-Сайн консалтинг" зөвлөх үйлчилгээний компанийн захирал С.Очирбатаас тодруулахад "Дарханы зам нийт 212.2 км таван багцаас бүрдэж байгаа.

  • I багц 22-ын товчооноос Хар модотын даваа хүртэл 45.5 км
  • II багц Хар модотын даваанаас цааш 45 км
  • III багцад дараагийн 45.7 км
  • IV багцад дараагийн 45.5 км
  • V багцад үлдсэн 30.5 км зам хамаарч байна.

I болон V багц дээр маргаашаас ажил эхэлж байгаа. Нэгдүгээр багц дээр хоёр туслан гүйцэтгэгч компанийн 30 гаруй ажилтан гарах бол тавдугаар багц дээр дөрвөн туслан гүйцэтгэгч компанийн 50 гаруй ажилтан гарахад бэлэн болсон. Эдгээр компаниудын бүх тоног төхөөрөмж ажлын талбарт хүргэгдсэн, угсраад ажлаа эхлэх гэж байна. Тендерт ялсан компани нь БНХАУ-аас наашаа холбогдож туслан гүйцэтгэгчийнхээ ажлыг эхлүүлж байгаа.

III багц дээр гурван туслан гүйцэтгэгч компани ажиллахаар Хятадад байгаа компанитай яриа хэлэлцээ хийгээд явж байх шиг байна.

II, IV багц дээр тендерт ялсан компаниуд Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй, энд ажиллуулах менежер хайж байгаа. Мөн наашаа зарим тоног төхөөрөмж явуулсан нь хил дээр гацчихаад байгаа гэсэн.

Туслан гүйцэтгэгч компаниуд замын далан, үерийн ус зайлуулах хоолой зэргээ суурилуулах ажлыг гүйцэтгэж үргэлжлүүлэн замын хучилт хийх ажлыг тендерт ялсан компаниуд нь гүйцэтгэх ёстой" гэдгийг хэллээ.

Замын газар шорооны ажил хэсэгчлэн эхэлж байгаа ч үлдсэн гурван багцын ажил хэзээ эхлэх, хучилт мөн хэзээ хийгдэх нь тодорхойгүй байгаа юм байна.