Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сугарбат: Улс орон даяар цэвэрлэх байгууламжтай холбоотой хяналт шалгалт хийж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссоос Төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ, томоохон эмнэлгүүдийн бохир, урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж, хяналт тавих үүргийг мэргэжлийн хяналтын байгууллагад өгчээ.

Үүний дагуу улс орон даяар цэвэрлэх байгууламжтай холбоотой хяналт шалгалт хийж байгаа талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат танилцууллаа. 

Тэрбээр "Цэвэрлэх байгууламжийн усаа нийлүүлдэг Туул голын найман цэгээс дээж авч, хими, нян судлал, хүнд металлын шинжилгээнд оруулаад байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 190 сая м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Цаашид ч тасралтгүйгээр ариутгал халдваргүйтгэлийг хийх болно. Үүнд аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах үүрэгтэй" гэлээ.

Мөн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад анхаарч мэргэжлийн хяналтын байгууллагаас хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж байгаа юм. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 5-нд хилээр зургаан галт тэрэг, 287 чингэлэг, 31 вагонд нэвтэрч, эдгээрээр нийт 212.6 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгдэн орж ирсэн талаар МХЕГ-аас мэдээллээ.

Харин хорио цээрийн дэглэмийн үед гарч буй зөрчлийн талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "22:00 цагаас хойш зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа зарах явдал гарч байгаа тул аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа энэ үед нягтрал үүсгэлгүйгээр, тодорхой зайг хангаж, агаар салхинд гарахыг Засаг даргын захирамжаар зөвшөөрсөн. Гэвч иргэд хайхрамжгүй үйлдэл гаргасаар байна" гэлээ.