Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахлын улмаас гадаадад гацсан иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг Орос улс зогсоожээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гадаадаас вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, тусгай үүргийн нислэгүүдийг Бямба гарагаас эхлэн зогсоосон гэнэ.

Харин ОХУ-ын засгийн газрын шадар сайд Татьяна Голикова энэ бол түр зуурын зогсолт, нислэгийн төлөвлөлтийг сайжруулсныхаа дараа иргэдийг нүүлгэж авчрах ажлыг сэргээнэ гэж Бямба гарагт мэдэгджээ. Гэхдээ тэр тодорхой хугацаа хэлээгүй байна.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдээлж байгаагаар өнөөдөр гадаад улс орнуудад тус улсын 30,000 орчим иргэн байгаа гэнэ. Тэдгээрээс 26,000 орчим нь эх орондоо буцах хүсэлтэй байгаа гэж Голикова мэдэгджээ.

Хүсэлт гаргасан иргэдийн гуравны хоёр нь Тайландад байгаа гэнэ. Оросын иргэд өвлийн улирлыг дулаан газар өнгөрүүлэхээр энэ улсыг олноор зорьдог байна.

ОХУ-ын засгийн газар гадаадад саатсан иргэдэдээ туслах зорилгоор 500 сая рублийг ($6.25 сая) гадаад хэргийн яамандаа хуваарилжээ. Анх гадаадад аялахдаа буцах нислэгээ захиалсан өдрөөс нь хойш тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрах хүртэл өдөр бүрийн зардал болгож энэ мөнгийг иргэдэд тараах юм.

Гадаадад гацсан насанд хүрэгч бүрт өдөрт 2,400 рубль ($30), 14 хүртэл насны хүүхэд бүрт 1,600 рубль ($20) оногдохоор тооцоолсон байна.

 

Эх сурвалж: Коммерсант