Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар НЭГ САЯ хүн Covid-19 өвчний халдвар авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг саяын босгыг давжээ.

Тэдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн АНУ-д оногдож байна. Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дэлхий дахинд нийтдээ 50,000 хүрлээ.

Илэрсэн халдварын тоо нь хамгийн өндөр байгаа АНУ-д 240,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 5,700 гаруй өвчтөн нас баржээ.

Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ямар нэг хөл хорионы дэглэм, тусгаарлалтын нөхцөлд амьдарч байна.

Өчигдөр Франц, Испани улсуудад нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвараар нас баржээ.

Пүрэв гарагт Францын засгийн газар нийт 471 эндэгдэл бүртгэснээс гадна тус улсын асрамжийн газруудад илэрсэн 884 эндэгдлийг нэмж зарласан байна.

Ингэснээр Франц улсын нийт эндэгдлийн тоо 5,387 болж, огцом нэмэгджээ. Тус улсад өмнө нь ахмадын асрамжийн газруудад илэрсэн эндэгдлийн тоог бүртгэдэггүй байсан юм.

Франц улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 59,105 бүртгэгдээд байгаа нь Европ тивд Итали, Испанийн дараа орох муу үзүүлэлт болжээ.

Өчигдөр Испани улсад 950 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Нийлбэр дүнгээр Испанид 10,003 хүн нас баржээ.

Сүүлийн өдрүүдэд эндэгдлийн тоо нь харьцангуй тогтворжиж байгаа Итали улсад өчигдөр 760 өвчтөн нас барж, нийт тоог нь 13,915 хүргэсэн байна.

Энэ улсад илэрсэн нийт халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 115,242 хүрчээ.

Пүрэв гарагт Иран улсын парламентын спикер Али Ларижанигийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагдсан байна. Тэрээр шинэ коронавирусийн халдвар авсан Ираны төр засгийн хамгийн өндөр албан тушаалтан болжээ.

Өчигдөр бас Израйль улсын эрүүл мэндийн сайд Covid-19 өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Тэрээр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай ойр харилцаж байсан хүн юм.

Сүүлийн байдлаар хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн дэлхийн эхний 10 орныг жагсаавал:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  238,820   5,758  2%
2 Итали  115,242   13,915  12%
3 Испани  110,238   10,096  9%
4 Герман  84,788   1,107  1%
5 Хятад  83,189   3,322  4%
6 Франц  59,929   5,387  9%
7 Иран  50,468   3,160  6%
8 Их Британи  34,164   2,926  9%
9 Швейцар  18,827   536  3%
10 Турк  18,135   356  2%

 

Эх сурвалж: AFP, Associated Press