Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амаа сүрьеэгийн вакцинжуулалтад заавал хамруулдаг орнуудад коронавирусийн эрсдэл бага байгааг судалгаа харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан хийсэн судалгаагаар хүн ам нь сүрьеэгийн вакцинжуулалтад заавал хамрагддаг улс орнуудад шинэ коронавирусийн халдварын тохиолдол, эндэгдлийн тоо бага байгаа нь ажиглагджээ.

Энэхүү судалгааны тайлан өнөөдөр анагаахын шинжлэх ухааны medRxiv сайтад нийтлэгдсэн байна.

Нью Йоркийн Технологийн Хүрээлэнгийн профессор Гонзало Отазу шинэ коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад харьцангуй цөөн байгааг ажигласны дараа уг судалгааг санаачлан эхлүүлжээ.

Япон улс нь Хятадын дараа хамгийн түрүүнд халдвар тархсан орнуудын нэг боловч илэрсэн тохиолдол харьцангуй цөөн, бусад улс орнууд шиг хөл хорионы хатуу дэглэм зарлаагүй байгаа билээ.

Сүрьеэгийн вакцин нь зөвхөн үндсэн үүргээ гүйцэтгээд зогсохгүй бусад төрлийн халдвараас ч хамгаалдаг болохыг Отазу профессор өмнөх судалгаануудаас мэддэг байжээ.

Ингээд түүний багийнхан өндөр хөгжилтэй орнуудыг харьцуулан судалсан байна.

Судалгааны үр дүнгээс харвал Covid-19 өвчлөл өндөр байгаа АНУ, Итали улсуудад сүрьеэгийн вакциныг зөвхөн эрсдэлтэй бүлгийнхэнд хийдэг болохыг тогтоожээ. Герман, Испани, Франц, Иран, Их Британи улсуудад сүрьеэгийн вакцин заавал хийдэг бодлого хэрэгжиж байгаад олон жилийн өмнөөс зогссон байна.

Коронавирусийн тахал анх эхэлсэн Хятад улс вакцинжуулалтад хүн амаа заавал хамруулах бодлоготой ч 1976 оноос өмнө мөрдөгдөх боломжгүй байсныг Отазу судалж тогтоожээ.

Харин Covid-19 өвчний халдвар, эндэгдлийн тоо харьцангуй цөөн, эсвэл тархалтыг хязгаарлаж чадсан Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад сүрьеэгийн вакцинжуулалтад хүн амаа заавал хамруулдаг бодлого хэрэгждэг байна.

Судалгаанд хөгжил буурай орнуудыг зориуд хамруулаагүй нь дүгнэлт гаргахад шаардлагатай үнэн зөв мэдээлэлгүй байж болзошгүй гэж үзсэнийх гэнэ.

Гэхдээ Отазу профессор зөвхөн сүрьеэгийн вакцинд найдаж, коронавирусийн тахлаас сэргийлэх үйл явц сулрах ёсгүйг анхааруулсан байна. Дэлхийн зарим улс орнуудад өнөөдөр сүрьеэгийн вакциныг коронавирусийн эмчилгээнд ашиглаж болох эсэх талаар судалгаа, туршилт эхлээд байгаа гэнэ. Гэхдээ эдгээр судалгаануудын дүгнэлт гарахад багагүй хугацаа шаардлагатай гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg