Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эквадорт Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос гудамжинд хаягдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Эквадор улсын 2.8 сая оршин суугчтай боомт хот Гуаяакилийн гудамжинд Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос хэвтэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Эквадорын тахлын голомт болоод байгаа энэ хотод сүүлийн өдрүүдэд гялгар уутаар бүтээж гудамжинд хаясан хүний цогцос хэд хэд илэрсэн байна.

Тус хотын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрээд байгаа бол шарил хадгалах газар нь мөн дүүрсэн байна. Хаягдсан цогцоснуудын дийлэнх нь коронавирусийн тахлын хохирогчдынх гэж хүмүүс таамаглаж байгаа. Эквадор улсад оношлуурын хүрэлцээ муу байгаагаас тэдний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох боломжгүй байна.

Сүүлийн байдлаар энэ улсад коронавирусийн халдварын 2,700 орчим тохиолдол бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан гэх албан ёсны тоог гаргажээ.

Хүн нас барсан тохиолдлуудын 60 нь Гуаяакил хот болон түүний ойр орчимд бүртгэгдсэн байна.

Гэхдээ Гуаяакил хотын албаныхан сүүлийн өдрүүдэд гудамж, олон нийтийн газраас 400 орчим цогцос олсон тухайгаа мэдээлжээ.

Саяхан халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон хотын дарга Синтиа Витери хаягдсан цогцоснуудыг цуглуулах үүргийг төв засгийн газар хүлээх ёстой гэж мэдэгдээд байна.

Учир нь нас барагсдын ихэнх нь хөдөө тосгоноос эмчлүүлэхээр Гуаяакилд ирсэн хүмүүс гэж тэр үзэж байгаа юм.

Тус хотын хамгийн том эмнэлэг Лос Сэйбост өдөрт дунджаар 500-1,000 хүн амьсгалын замын өвчин туссан шалтгаанаар үзүүлдэг болж, ачаалал нь дээд цэгтээ тулжээ. Эквадорын сувилагчдын холбооны мэдээлснээр улс даяар 370 орчим сувилагч шинэ коронавирусийн халдвар авснаас тав нь амиа алдсан байна.

Тус улсын анхны халдварын тохиолдол Италид зорчоод эргэж ирсэн Гуаяакил хотын оршин суугч, 70 настай эмэгтэйгээс хоёрдугаар сарын 29-ний өдөр илэрч байжээ. Эмэгтэй оношлогдсоноосоо хойш хоёр долоо хоногийн дараа нас барсан юм. Үүнтэй зэрэгцэн Эквадорын ерөнхийлөгч Ленин Морено хилээ хааж, гадаад, дотоодын аялал жуулчлалд хатуу хориг тавих шийдвэр гаргаж байв.

Харин эдийн засаг, аж амьдрал нь далайн боомтоосоо хамааралтай Гуаяакил хот төв засгийн газрынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд нэлээд хойрго хандаж байжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Европын орнууд Эквадорт гацсан иргэдээ авахаар илгээсэн захиалгат нисэх онгоцыг Гуаяакил хотын дарга буулгахгүйн тулд буух зурваст нь автомашинууд байрлуулж байв.

Онгоцны экипажийн гишүүдээс хотын иргэдэд халдвар тарж магадгүй гэсэн айдас ийм эсэргүүцэл үзүүлэхэд хүргэжээ.

Онгоц эцэст нь Эквадорын нийслэл Кито хотод газардаж, Европын орнуудын 170 иргэнийг тээвэрлэн Амстердам хот руу ниссэн юм.

 

Эх сурвалж: Reuters