Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж, вирус тээгч болж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дэлхий дахинд бүртгэгдсэн шинж тэмдэггүй тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Д.Нарангэрэл: -Дэлхийн нийтэд COVID-19 халдварын батлагдсан нийт тохиолдлын 30-40 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явагдаж байна гэж үзэж байгаа. Иймд эхэндээ шинж тэмдэггүй өвчтөнүүдийг өвчтөний ангилалд бүртгэхгүй байсан. Харин өчигдрөөс эхлэн шинж тэмдэггүй тохиолдлыг зарлаж БНХАУ 1,541 ийм тохиолдлыг бүртгэжээ.

Шинж тэмдэггүй хүмүүс халдвар тараах маш эрсдэлтэй учир дэлхий дахинд амны хаалтны хэрэгцээ ихээр бий болж байна. Тэр дундаа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж, вирус тээгч болж буй учраас амны хаалтны хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байна.

-Манай улсад оношлуур хэр хүрэлцээтэй байгаа вэ?

Д.Нямхүү: - Манай улс  ДЭМБ-аас өгсөн болон Япон улсаас өгсөн оношлуурыг ашиглаж байгаа бөгөөд оношлуур одоогоор хүрэлцээтэй байна. Мөн бидэнд БНХАУ-ын Засгийн газраас өгсөн оношлуур нөөцөд байгаа.

Түүнчлэн одоо тусгай үүргийн онгоцоор оношлуурууд авчруулахаар тохирсон. Үүнийгээ удахгүй хүлээж авна. Гэхдээ real time PCR оношлуурыг баталгаатай хариу гаргахдаа ашиглаж байгаа гэдгийг онцолмоор байна.

Харин түргэвчилсэн оношлуурын хувьд гурван төрөл орж ирснээс бид харьцуулж аль сайныг нь хэрэглэж байна. Түргэвчилсэн оношлуурын ач холбогдол нь төлөвлөсөн хүмүүсээ хурдан хугацаанд оношилж, дохио авах юм.

Одоогоор эхлээд түргэвчилсэн оношлуурыг ашиглаж, харьцуулах маягаар ажиллаж байна.

-Өчигдөр тусгаарлагдсан хүмүүсийн талаар?

Д.Нарангэрэл: - Өчигдөр Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт байгаа. Тухайн сэжигтэй тохиолдлын хавьтлууд нь тус аймагт мөн тусгаарласан.

Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн эмчилгээ, оношилгоонд орсон бөгөөд сорьцыг нь ХӨСҮТрүү явуулсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.