Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөнхийн тун компани өдөрт 150,000 амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн тул тогтмол худалдан борлуулж эхэллээ"

Б.Уянга, IKON.MN
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвар гарсантай холбогдуулан амны хаалтын эрэлт ихсээд байгаа энэ үед 2020 оны нэгдүгээр улиралд Монгол Улсад нийт 12,023,900 ширхэг амны хаалтыг импортолсон статистик тоо гарсан байна.

Үүнээс гадна Монголд амны хаалтын үйлдвэрлэгч хувь хүн болон аж ахуй нэгжүүд ч нэмэгдэх болжээ. Үйлдвэрлэгч нараас амны хаалтын үйлдвэрлэлийн тоо хэмжээ, түүхий эдийн талаар тодрууллаа.

Маскны гол түүхий эд болох филтерийн материал олдоц муу байгаагаас үнийн хувьд тогтмол өсөж байгаа

Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг "Мөнхийн тун ХХК-ийн Тун фарм эмийн үйлдвэр нь нэг удаагийн амны хаалтын үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж байна. Түүхий эдийн хувьд олдоц муутай байгаа боловч бид хамтран ажилладаг гадаад харилцагч нарынхаа тусламжтайгаар БНСУ болон БНХАУ-аас түүхий эдийн импортыг тасалдал үүсгэхгүйгээр татан авах асуудлыг шийдвэрлэсэн. Гэхдээ маскны гол түүхий эд болох филтерийн материал олдоц муу байгаагаас үнийн хувьд тогтмол өсөж байгаа болохыг энд дурдах нь зүйтэй болов уу.

Өмнө нь нэг өдөрт үйлдвэрлэх амны хаалтын тоо хэмжээ нь харьцангуй бага байсан тул бид зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд болон шаардлагатай бусад төрийн байгууллагын ажилтнуудын амны хаалтын хэрэгцээг хангахыг зорьж ажиллаж байсан.

Харин өчигдрөөс буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ автомат машины шугам ашиглалтад орсонтой холбогдуулан өдөрт 150,000 /нэг зуун тавин мянга/ ширхэг амны хаалтыг үйлдвэрлэж байгаа тул өөрийн салбар бөөний төв болон эмийн сангуудаар иргэддээ амны хаалтыг тогтмол худалдан борлуулж эхэлснийг дуулгахад таатай байна" гэв.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Эм холбоо ТББ болон Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хамтран даавуун амны хаалтын стандартыг боловсруулж, түүний дагуу дахин угааж хэрэглэдэг амны хаалтыг худалдаанд гаргасан талаараа мэдэгдэж байсан.

Эмийн холбоо ТББ цаашид үйл ажиллагаагаа явуулахгүй. Түүхий эдийн хувьд олдоц муу

Уг амны хаалтын үйлдвэрлэл болон түүхий эдийн олдоцын талаар Эмийн холбоо ТББ-ын маскны борлуулалт хариуцсан ажилтнаас тодруулахад:

Бид 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Ерөнхийдөө Эмийн холбоо ТББ-ын захиалгаар 90 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх зорилготой байсан. Үүнээс 50 орчим хувьтай тэнцэх хэмжээний амны хаалтыг үйлдвэрлэсэн. Одоо үйлдвэрлэлээ зогсоосон байгаа. Цаашид үйл ажиллагаагаа явуулахгүй. Түүхий эдийн хувьд олдоц муу юм байна лээ гэв.

Нахиа импекс ХХК түүхий эдээ авсан ч тоног төхөөрөмж маань импортоор орж ирээгүй байна

Нахиа импекс ХХК нь нэг удаагийн амны хаалтыг үйлдвэрлэж эхлэх гэж буй талаар албан бус мэдээллийн дагуу тус байгууллагын мэргэжилтэнтэй холбогдоход:

Манай компанийн хувьд нэг удаагийн амны хаалтын үйлдвэрлэлээ явуулж эхлээгүй байна. Түүхий эдийн татан авалтаа хийсэн байгаа боловч тоног төхөөрөмж маань хараахан импортоор орж ирээгүй байна. Өнөөдөр захирал маань өөрийн биеэр уг тоног төхөөрөмжийг оруулж ирэх ажлаар Замын-Үүд явсан байгаа гэсэн мэдээллийг өглөө.