Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Жаргалсайхан: Дахин дөрвөн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж эхлэхээр ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан тээврийн үйлчилгээ болон нүүрсний экспортын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны нэгдүгээр улиралд дотоодын зорчигч урсгал 37.6 хувиар буурсан. Хот хоорондын ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилсээр байгаа.

Улс хоорондын зорчигч тээврийг хязгаарлаад байгаа. Хил нэвтэрч орж ирсэн иргэдийг тусгаарлалтаас гарах хугацаа нь болсны дараа нийслэл хот руу тээвэрлэх, Ухань хотоос 31 иргэнийг авчрах, гурван удаагийн тусгай нислэг үйлдэх ажлуудыг мөн зохион байгууллаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт тасралтгүй үргэлжилж, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар тээврийг хийж байгаа. Замын-Үүд боомтоор гэхэд оны эхний улиралд 105 мянган тонн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Алтанбулаг боомтоор өдөрт дунджаар 10 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилж байгаа. Транзит тээвэрт явж байгаа дотоодын жолооч нарыг 14 хоног тусгаарлахаар болсон. Одоогийн байдлаар 42 жолооч тусгаарлагдаад байна. Цагааннуур боомтоор өдөртөө 9-10 тээврийн хэрэгсэл орж ирж, шатахууны импорт зонхилж байгаа.

Хоёрдугаар сарын 10-наас зэснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг зогсоогоод байсан. Экспортыг эхлүүлэхээр холбогдох ажлын хэсгүүд ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлээд нүүрс, төмрийн хүдрийн тээврийг эхлүүлээд байгаа.

  • Замын-Үүд боомтоор өдөр 14-32 тээврийн хэрэгслээр нүүрс, 2-4 тээврийн хэрэгслээр төмрийн хүдэр тээвэрлэж байна. Гуравдугаар сард нийтдээ 39 мянган тонн нүүрс, 7.1 мянган тонн төмрийн хүдрийг тус боомтоор экспортолсон.
  • Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс хойш 292 тээврийн хэрэгслээг 20,820 тонн нүүрс тээвэрлэсэн. Харин зэсийн тээвэр тасраагүй үргэлжилсээр байгаа бөгөөд эхний улиралд 3,279 тээврийн хэрэгслээр 118,000 тонн зэсийн баяжмал экспортлоод байна.
  • Шивээхүрэн боомтод гуравдугаар сарын 28-наас тээвэрлэлт эхэлсэн дөрөв хоногийн хугацаанд 236 тээврийн хэрэгслээр 6,800 тонн нүүрс тээвэрлээд байна.
  • Ханги боомтын хувьд гуравдугаар сарын 30-ны өдрөөс тээвэрлэлтээ эхлүүлж 49 тээврийн хэрэгслээр 3,760 тонн нүүрс, 19 тээврийн хэрэгслээр 1,460 тонн төмрийн хүдэр экспортлоод байна.

Цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнодын Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймагийн Булган боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна" гэдгийг хэллээ.