Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамжийн шаардлагатай арга хэмжээ авахыг ДЭМБ уриалсан байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд уг өвчний эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Тэрбээр "Халдварын тохиолдол өсөхийн хэрээр өвчний талаарх баримт мэдээлэл өдөр бүр шинээр бий болж байна. Тухайлбал, хүн амын дунд халдварын шинж тэмдэггүй халдвар тээгчид их байгааг улс орнууд мэдээлж байна.

Исланд улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь шинж тэмдэггүй хүмүүс байсан бол АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн даргын мэдээлж буйгаар тус улсад халдвар тээсэн нь батлагдсан нийт тохиолдлын 25 орчим хувь нь шинж тэмдэггүй байжээ.

Үүнтэй холбоотойгоор амны хаалтны хэрэглээний талаар урьдын заавраа эргэн харж, нийт хүн амд амны хаалт зүүлгэх эсэх талаарх зөвлөмждөө өөрчлөлт оруулж магадгүй байна.

Гэвч энэ шийдвэрийн улмаас эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөцөд хомсдол үүсэж болзошгүй гэж үзэж байна.

АНУ-ын нийт хүн амын 90 орчим хувь нь гэрийн хөл хорионд байгаа.

Вашингтон мужид хөл хорио тогтоосон нь үр дүнгээ өгч, халдварыг хумих нөхцөл бүрдсэнийг эрх баригчид тэмдэглэжээ.

Энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүнтэй эм хэрэгсэл, вакцин гараагүй байгаа цагт хөл хорио тогтоож, хүмүүс хоорондоо зайнаас харилцах нь хамгийн үр дүнтэй арга болж байна гэдгийг АНУ болон Европын улсуудад хийсэн судалгаанаас харагдаж буй.

Их Британид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 563 нас баралт бүртгэгдсэн, эмнэлэгт нас барсан иргэдийн тоо 2,352 болсон байна.

Итали улсын хувьд нас баралтын хувь өмнөх өдрүүдтэйгээ ойролцоо байгаа ч шинэ халдварын тоо 4,782 болж дахин өсөв.

ХБНГУ-д эрсдлийн үнэлгээг дахин хийж, хүн амын хөл хөдөлгөөнийг дахин хоёр долоо хоногийн хугацаагаар буюу дөрөвдүгээр сарын 19-нийг дуустал хорих шийдвэр гаргажээ.

БНСУ-д шинээр 89 тохиолдол бүртгэгдсэн ба 18-ыг нь гадаадаас ирсэн буюу тусгаарлах байранд байсан иргэдээс ирүүлсэн байна. Тус улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 600 гаруй болжээ" гэв.

"Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827,419 тохиолдол бүртгэгдэж, 40,777 хүн нас баржээ. Шинээр Африкийн гурван улсад халдвар гарлаа.

БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс шинж тэмдэггүй тохиолдлын тоог өдөр тутам мэдээлж байна.

24 цагийн зайтай авсан хоёр удаагийн лабораторийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргаж, тэдгээрийн ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна.

Тус улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдэжээ. Ингэснээр шинж тэмдэггүй нийт 1,541 тохиолдол гарсны 205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна. 

Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улс, орныг халдвар хамраад байна.

Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдэв. Нас баралтын хувь Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3-тай байна.

Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.

Одоогоор Төв, Өмнөд Америк болон Африкийн орнуудад өвчлөл харьцангуй бага байгаа ч эдгээр улсад өвчлөл нийгэм эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамжийн шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.