Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд коронавирусийн эндэгдлийн тоо 30,000, дэлхий дахинд халдвартай хүний тоо 900,000 хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдрийн байдлаар Европ тивд коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо 30,000-ыг давсан байна. Үүний дөрөвний гурав орчим нь Итали, Испани улсуудад ноогджээ.

Өчигдөр Испани улсад 864 хүн нас барсан нь өнөөдрийг хүртэл тус улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 өвчнөөр амиа алдсан тохиолдол болсон байна. 

Нийлбэр дүнгээр Испани улсын нийт эндэгдэл 9,000 хүрлээ. Энэ бол дэлхийн улс орнуудаас зөвхөн Италийн (13,000 гаруй) дараа орох муу үзүүлэлт юм.

Лхагва гарагийн байдлаар дэлхий дахинд нийт 900,000 гаруй хүн шинэ коронавирусийн халдвар авч, 45,000 орчим хүн амиа алдаад байна.

Өчигдөр Итали улсад 727 хүн амиа алдсан нь өмнөх өдрийнхөөс бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. Мягмар гарагт тус улсад гуравдугаар сарын 26-наас хойш хамгийн цөөн өвчтөн нэг өдөрт нас барсан юм.

Ерөнхийдөө Италид нэг өдөрт бүртгэгддэг эндэгдлийн тоо буурах хандлага ажиглагдаж эхэлсэн ч халдварын тохиолдлын тоо буурахгүй байна.

Өчигдөр тус улсад 4,782 хүн Covid-19 өвчний халдвар шинээр авч, нийт тоог нь 110,574 болгожээ. Италид хамгийн анхны халдварын тохиолдол хоёрдугаар сарын 21-нд илэрч байв.

Лхагва гарагт АНУ дахь коронавирусийн тахлын хамгийн том төв Нью Йорк мужид 1,941 өвчтөн нас барсан нь 72 цагийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Даваа гарагт энэ мужид 965 эндэгдэл бүртгэгдэж байв.

Нью Йорк мужид шинэ коронавирусийн анхны халдвар нэг сарын өмнө илэрч байсан бол өнөөдөр нийт халдварын тохиолдол 83,000 гаруй болоод байна. Мужийн захирагч Эндрью Куомо дөрөвдүгээр сарын сүүлээр тахал оргил үедээ хүрнэ гэсэн тооцоог саяхан танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-д илэрсэн нийт халдварын тоо 209,071 болж, эндэгдлийн тоо 4,633 хүрээд байна.

Дараах хүснэгтээс шинэ коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн 10 оронтой танилцана уу.

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  209,071   4,633  2%
2 Итали  110,574   13,155  12%
3 Испани  102,136   9,053  9%
4 Хятад  83,189   3,312  4%
5 Герман  74,508   821  1%
6 Франц  52,836   3,523  7%
7 Иран  47,593   3,036  6%
8 Их Британи  29,842   2,356  8%
9 Швейцар  17,137   461  3%
10 Бельги  13,964   828  6%

Эх сурвалж: Reuters, AFP