Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засагч Б.Дөлгөөн: Эдийн засгаа аврах оновчтой алхам хийх цагийг алдаж болохгүй

ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

- Монголын эдийн засгийн байдал коронавирусээс болоод хүндхэн нөхцөлд байгаа. Монгол Улсын ЗГ-аас тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргаснаа танилцуулсан байгаа. Энэ цаг үед хувийн хэвшлийнхэнд ер нь яаж дэмжлэг үзүүлэх ёстой вэ?

- Сар гаруй хугацаанд багагүй аж ахуйн нэгжүүд дампуурсан байх. Үнэхээр харамсалтай юм болж байна. Яг хэдэн ажлын байр алдасныг хэлж мэдэхгүй байна. Тийм тооцоо судалгааг одоохондоо аль нэг байгууллага гаргаагүй л байна.  МУ-ын ЗГ-аас эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг авхаар боллоо. Энэ үед ЭЗ ямар хэлбэрээр өсөх үү, гадаад нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна гэдэг дээр хувийн хэвшлүүд 1-рт үнэлгээ хийгээд өөр өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулах ёстой.

- Бид яаж мөнгө босгож болох вэ гэдэг боломжийг бид хаа хаанаа эрэлхийлэх ёстой. Бидэнд энэ цаг мөчид яаж хөрөнгө босгох боломжтой вэ?

- Гадаадаас мөнгө оруулж ирэх хэдхэн төрлийн хэлбэрүүд бий. Нэгт, тусламжийн мөнгө, олон улсын валютын сан ч гэдэг юм уу эсвэл Азийн хөгжлийн банк гэх мэт, хоёрдугаарт, зээл. Засгийн газар энэ үед бонд босгоод авах боломжтой.

Гуравдугаарт, экспортын орлого. Дөрөв дэх нь алтаа бид нар зарна . Эдгээр арга бид гадаад валютыг дотогшоо татах урсгалуудтай явсаар ирсэн.

Бид  Засгийн газрын хариуцлагагүй байдлаас болоод саарал жагсаалтанд орчихсон. Манай улсын гадаад дахь нэр хүнд, итгэлцлийн түвшин энэ хэрээр уначихсан л гэсэн үг. Тэгэхээр гадаад валютын үндсэн дээрх боломжууд ч бас хангалттай найдвартай, сайн гэхэд хэцүү болоод байна.

Олон улсаас авах тусламж дэмжлэг бидэнд одоо олдох нь ховор болсон. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт орж манай улсын гадаад өр 4 тэрбумаас 7.7 тэрбум бараг 2 дахин их нэмэгдсэн шүү дээ. Энэ боломжоо бид аваад дуусчихсан.

Экспорт маань ингээд тодорхой хэмжээнд тогтох байх. Гэхдээ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад бараг доогуур хэмжээнд байна. Тэгэхээр одоо бид нар гадаад валютынхаа тал дээр дотогш энэ урсгал дээр ямар арга зам байна, хувийн хэвшлүүд энэ үед гаднаас мөнгө олж ирнэ гэдэг бол бараг л бүтэхгүй асуудал байх.

Яагаад бүтэхгүй асуудал вэ гэхээр 2 үндсэн нөхцөл байна. 1-рт түүхий эдийн үнийн мөчлөг хамгийн дээд цэг дээрээ тулаад 2018 оны сүүлээр тулаад одоо ингээд уруудах мөчлөг рүүгээ орчихсон. Энэнтэй уялдаад гадаадын шууд хөрөнгө оруулалт ч гэсэн тодорхой хэмжээгээр буурч байгаа.

Иймэрхүү дандаа сөрөг юм яриад байна л даа би. Тэгвэл энэний эерэг юм нь юу байж болох вэ гэхээр жижиг уул уурхай ч юм уу, жижиг төслүүд дээр мөнгө босгож чаддагүй юм аа гэхэд  том төслүүд дээр босгож чаднаа.

За экспорт уначихлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчихлаа эргээд бид нар зээл тусламж авах нөхцөл байдал их хүнд байна. Ингээд 2 л юм үлдэж байна шүү дээ. Нэг нь алт байна, нөгөөх нь томоохон төслүүдээ түлхэх урагшлуулах. Энэ хэлбэрээр эдийн засгийн өсөлтийг богино болоод дунд хугацаанд, дундаас урт хугацаанд илүү хурдтай босгож ирэх боломжтой.

Тиймээс одоо бид олон улсад гаргаж болох, том дүнтэй хөрөнгө босгох төслүүдээ зогсоохгүй, урагшлуулах юм бол бид гадаад зах зээл дээрээс тодорхой хэмжээний хөрөнгийг татах замаар энэ эдийн засгийн сэргэлтийг хурдавчилж болно гэж хэлж байгаа юм. Нэг ёсондоо шийдэл байгаад байна шүү дээ.

- Эрдэнэс таван толгой компанийн нэр дээр нийтдээ 7 орд газар байдаг. Түүний 1 ордын 30 хувийг гадаадын зах зээл дээр IPO хувилбараар гаргая гэдэг асуудал яригдаж байсан боловч энэ Засгийн газрын үед ямар нэгэн байдлаар гадаад зах зээлд гаргахгүй гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргачих шиг боллоо. Тэгэхээр бид таны хэлээд байгаа боломжоо алдчихсан гэсэн үг үү?

- Ерөнхий сайд ямар шийдвэр гаргасныг би сайн мэдэхгүй байна. Таван толгойн IPO бол олон жилийн өмнө яригдаж байсан шүү дээ. Би Ньюком группд ажиллаж байхад манай Ньюком группийн гүйцэтгэх захирал тухайн үед Рио Тинто компанид ажиллаж байсан Болд захирал байв. Болд захирал хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар давхар ажиллаж байсан. Тэр үед таван толгойг тэгж олон хуваахгүйгээр тэр чигээр нь IPO хийнэ гэсэн асуудал яригдаж байсан.

Тэгэхээр энэ бол шинэ зүйл биш. 

Олон улсын сүүлийн 10 жил 15, 20 жилийг харахад яг 2011, 2012 онд түүхий эдийн үнэ дээд цэгтээ хүрсэн. 2012 оноос эхлээд уруудаад эхэлсэн. Тэр үед нь  IPO хийсэн бол өнөөдөр өөрсдийн Монгол улсын эзэмшдэг, олон улсын зээл дээр гарчихсан тэр стандартуудыг мөрддөг бас нэг өөрийн гэсэн компанитай байх байж. Валютын урсгалыг дотогшоо авчирдаг дөрвөн урсгал байдаг гэж дээр хэлсэн. Гадаадын олон улсын зах зээл дээр түүхий эдийн ханш ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр байх вэ?

Хэрвээ унах юм бол энэ уналтыг бид нар юугаар нөхөх вэ. Ийм нөхцөл байдалд энэ том төслүүдээ явуулж байж алдагдлыг нөхнө. 

- Том төслүүдээ хөдөлгөх нь чухал гэлээ. Гэтэл хөдөлгөхийн тулд тэр хэмжээгээрээ том бэлтгэл ажил, цаг хугацаа ордог байж таараа. Бид олон жилийн туршид нэг алхам урагшилж, 2 алхам ухарсаар байгаа мэт дүр зурагтай байгаа дээр та юу хэлэх үү?

- IPO хийнэ гэдэг нь тийм амархан процесс биш. Би Тэнгэр санхүүгийн нэгдэлд, үнэт цаасны компанид ажиллаж байсан. Манай үнэт цаасны компани хөрөнгө оруулалтын эрхтэй тийм компани байв.

 Мэдээж зөвхөн Монголын хөрөнгийн бирж  дээр IPO гаргах эрхтэй компани. Яг олон улсын андрайтерын процесс бол дотоодынхоос удаан явагддаг. Жишээлбэл та ч гэсэн фэйсбүүк ашигладаг байх. Фэйсбүүк 2004 онд байгуулагдсан мөртлөө бүр сүүлд бирж дээр гарсан. Анх гарсан үнэ нь 38 доллар байсан. Одоо бараг 200 доллар руу дөхөөд явж байгаа.

Нэг ёсондоо 38 доллараар 1 хувьцаа нь гарчихаад одоо 200 доллар хүрэх гээд явж байна шүү дээ. Тэгэхэд бид энэ байдлаараа өөрсдийнхөө том төслүүдийг олон улсын зах зээлд гаргах замаар валютын урсгалыг Монгол руу татаж чадна.

Таван толгой бол миний харж байгаагаар магадгүй хамгийн гарахад ойрхон төсөл. Бусад нь бол бүр анхан шатандаа судалгаа нь ч хийгдээгүй ингээд явж байгаа. Яг гарлаа гэхэд тэр олон улсын стандартууд чинь Монголд орж ирдэг. Хөрөнгө оруулагчдыг яаж хамгаалах вэ, дотоод үйл ажиллагаанд тендер зохицуулна, тэр зүйлүүд чинь ерөнхийдөө олон улсын зөвшөөрөгдсөн стандарт орж ирээд тухайн байгууллагын соёлд шингэдэг.

Хятад улс 1990-ээд оны дундуур хамгийн том компаниудаа олон улсын бирж дээр гаргасан байдаг. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгт, үнэлгээг нь тогтоох гэж, хоёрдугаарт, тэр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулахгүй бол ерөөсөө дан төрийнхөн барьсаар дэндүү данхар болчихсон, үйл ажиллагааны үр бүтээмжтэй биш, маш өндөр зардлаар явдаг бараг ашиг гардаггүй. Тэгвэл энэ олон улсын хөрөнгийн биржид гаргах замаар тэр явдлуудаа маш сайн цэгцэлж чадсан.

Өнөөдөр тэдгээр төрийн өмчит компаниуд нь Хятад улсын төсөв бүрдүүлэлт дээр томоохон хувийг эзлээд явж байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн энэ хэлбэрээр энэ том төслөө явуулаад эргээд магадгүй зарим нэг төрийн өмчит компаниудыг олон улсад гаргах замаар үйл ажиллагааг илүү сайжруулах арга зам байгаа гэж харж байна.

- Дэлхий нийтийг хамарсан тахал, өвчний улмаас зөвхөн Монгол Улс гэхгүй, дэлхийн эдийн засаг зогсонг байдалд орчихлоо. Үр дагаврыг хохирол багатайгаар туулах гарах тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Энэ бол дан ганц Засгийн газрын хэрэгжүүлэх ажил биш.

Энэ бол компаниудын ч, иргэдийн ч, төрийн ч гурван талын гурвуулангийнх нь хүлээх хариуцлага. Төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт энийг хамгаалахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Энэ бол зөв. Хэдийгээр эдийн засагт энэ нь сөргөөр нөлөөлж байгаа ч гэсэн энэ бол зайлшгүй авах ёстой арга хэмжээ.

Эрүүл мэнд №1. Эхлээд бид нар амьд байж, эрүүл байж дараа нь бид халаасан дахь мөнгөө ярина. Гэхдээ эрүүл, амьд байя гээд өлсөж үхэж бас болохгүй.

Тэгэхийн тулд эдийн засагтаа гарч байгаа энэ нөхцөл байдлуудтай уялдуулаад арга хэмжээ авах ёстой. Тэрэн дээрээ авахдаа бид нар нотолгоонд суурилсан байя, цаг тухайд нь авч байя, авлаа гэхэд битгий дордуулаач. Дордуулаач гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд сая банкууд дээр бөөн бужигнаан боллоо, иргэд ч бөөн бухимдал үүслээ. Энэ чинь дахиад л нөгөө авна гэсэн арга хэмжээгээ ямар нэгэн байдлаар шийдээгүй, тодорхойгүй байдал үүсгэнээс болоод магадгүй ойрын хугацаанд, эсвэл дунд хугацаанд ч юм уу санхүүгийн салбартаа сөргөөр нөлөөлөх юм бас давхар хийчихэж байгаа юм.

Компаниудын хувьд бол яг энэ нөхцөл байдал хамгийн хүнд тусч байгаа. Тэрийг бол ойлгож байна. Яг мөнчгөрөөрөө явж байгаа энэ компаниудад их сайн чиглэж арга хэмжээ авч чадах юм бол эдийн засгийн хямралыг татвар төлөгч байгууллагууд арай гайгүй даваад гарах болов уу гэж бодож байна.

Хэрвээ энэ нь байгаа онохгүй байх тусмаа зүгээр тарамдаад л ажил хийж байгаа юм шиг болоод харагдаад дуусах болов уу.