Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тахалтай тэмцэхдээ баримтлах гурван зарчмыг Билл Гэйтс АНУ-ын эрх баригчдад санал болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс шинэ коронавирусийн тахалтай тэмцэхэд баримтлах гурван зарчмыг АНУ-ын удирдагчдад санал болгож байгаагаа Washington Post сонинд өчигдөр нийтлүүлжээ.

Тэрээр бүр 2015 онд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэхэд бэлэн байхыг улс орнуудын удирдагчдад уриалж байсан юм.

Гэйтс өөрийн саналыг боловсруулахдаа Gates Foundation сангийнхаа хүрээнд хамтран ажиллаж байсан мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэжээ.

“АНУ шинэ коронавирусийн тахалд бэлтгэлтэй байх боломжоо алдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ чухал шийдвэр гаргах боломж нээлттэй хэвээр байгаа” гэж нийтлэлдээ бичсэн байна.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол АНУ-д 190,000 орчим болж, нас барсан өвчтөний тоо 4,000-ыг даваад байгаа.

Гэйтсийн санал болгосон нэгдүгээр зарчим нь АНУ даяар нэгдсэн хөл хорионы дэглэм тогтоох ажээ.

Өнөөдөр энэ улсад шийдвэрийг муж мужаар тус тусдаа гаргаж байгаа нь вирусийн тархалтыг хязгаарлах боломжгүй болгож байна гэж тэр дүгнэсэн байна.

“Хүмүүс мужаас мужид чөлөөтэй зорчиж байгаа нь вируст мөн ингэж тархах боломж олгож байна. Улс орон даяар нэгдсэн журмаар шилжилт хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй. Америк даяар халдварын тоог буурч эхлэх хүртэл доод тал нь 10 долоо хоног хөл хорих ёстой. Энэ хугацаанд хэн ч бизнесээ үргэлжлүүлэх, эсвэл хөл хориог цуцлах эрхгүй байна” гэж Гэйтс бичжээ.

Тэрээр цааш нь “Ингэснээр зөвхөн эдийн засгийн хохирол амсана. Үгүй бол вирус эргэн ирж, хүмүүсийн амийг авсаар байх болно” гэж анхааруулсан байна.

Гэйтсийн санал болгож байгаа хоёр дахь зарчим нь системтэйгээр оношилгоо, илрүүлэлтийг өргөжүүлж, эхний ээлжинд хэн хэнийг хамруулах дарааллыг тодорхой тогтоох гэнэ.

Хамгийн эхэнд тахлын фронт дээр ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг оношилгоонд хамруулж, хоёрдугаар шатанд өвчин тахалд өртөмтгий, эмзэг бүлгийнхнийг хамруулах гэнэ.

Гуравдугаар зарчим нь коронавирусийн эсрэг вакцин, эмчилгээний аргыг боловсруулахдаа их хэмжээний дата, өгөгдөл дээр суурилж, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах гэнэ. Дуулиан, цуурхалд автаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байхыг АНУ-ын эрх баригчдад Гэйтс уриалжээ.

Эцэст нь Билл Гэйтс “Бидэнд туулах зам урт байна. Гэхдээ бид дата мэдээлэл, шинжлэх ухаан, мэргэжилтнүүдийн санал зөвлөмж дээр үндэслэсэн зөв шийдвэр гаргаж чадвал олон хүний амийг аварч, улс орноо хэвийн амьдралд шилжүүлж чадна” гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider