Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттулга: Монголын хошин урлагийн уран бүтээлчид өнөөдөр ТВ-ээр 4-5 цагийн турш инээдээр дархлааг тань дэмжих болно

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга оролцож, хандив өглөө.

Монголын хошин урлагийнхан Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан  "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Гавьяат жүжигчин Л.Баттулга хэлэхдээ “Би өөрийн иргэний үүргийг ухамсарлаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага боловч хандив өргөж байна.

Монголд ургадаг Хунчир гэх ургамал нь энэ цар тахлыг анагаахад хэрэглэгдэж байгаа юм билээ. Тиймээс ХӨСҮТ-ийн бүх эмч, сувилагч нарт болон тэнд тусгаарлагдаж, эмчлэгдэж буй иргэддээ хунчирын 10 хоногийнх нь хэрэгцээг өгч байна.

Мөн Эрүүл мэндийн яамны хамт олонд Монголд үйлдвэрлэсэн гар ариутгагчаас хандивлаж байна" гэв.

Үргэлжлүүлэн "Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдөр Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчид бид телевизийн тань өмнө 4-5 цаг инээдээр дархлааг чинь дэмжих болно.

Тиймээс нийт иргэдээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, гарахаар бол амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна.

Бид хариуцлагаа огт алдаж болохгүй. Хүн бүр ухамсартай байж энэ өвчний ард гарч чадна” гэсэн юм.

"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг өнөөдөр 20:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулах аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.