Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс долоон осол гарч, 17 хүн өртжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын дүрэм журамыг баримтлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас долоон үйлдвэрлэлийн осол гарч 17 хүн өртсөн байна. Үүнээс,

  • барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 9 хүн гэмтсэн, хөнгөн,
  • хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн,
  • бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтжээ.

Үүний 85.7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14.3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40.7 хувь нь барилгын, 1 буюу 1.2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13 хувь нь уул уурхайн, 10 буюу 11.9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2.4 хувь нь зам тээврийн, буюу 1.2 хувь нь худалдаа үйлчилгээний, 9 буюу 10.7 хувь нь бусад салбаруудад гарсан.

Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад:

  • унах, бүдрэх, хальтрах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол 4 буюу 57 хувийг,
  • хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон 1 буюу 14.3 хувийг,
  • эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол 1 буюу 14.3 хувийг,
  • цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол 1 буюу 14.3 хувийг эзэлжээ.

Үйлдвэрлэлийн осол гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

 

Эх сурвалж: НМХГ