Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ карантины дэглэм зөрчихөд оногдуулах торгуулиа 10 сая вон болгон нэмж, нэг жил хорих ял шийтгэнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Тэрбээр "АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт бүртгэгдлээ. Мөн Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна.

Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байгаа. Үндсэндээ гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт буурч байгаа юм байна.

Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосноор 59 мянган хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд вирусийн үржих түвшнийг 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлэх юм байна.

БНСУ-д карантины дэглэм зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болжээ" гэв.

"Европ тивд өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна"

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр нийт 754,948 хүн COVID-19-ийн халдвар авч, 36,571 хүн нас баржээ.

Тус өвчин анх мэдээлэгдсэнээс хойш 100 хоног өнгөрч байгаа ч бид энэ өвний талаар өдөр бүр шинэ зүйл мэдэж авсаар байна.

Дэгдэлтийн эхний хоёр сард Хубэй мужид өдөрт 3,800 буюу өвчний 99 хувь нь тус мужид мэдээлэгдэж, халдвар Номхон далайн баруун бүсэд голчлон гарч байсан бол одоо дэгдэлтийн цөм Европ руу шилжиж, өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.

Энэ хандлага бусад бүс рүү шилжих магадлалтай. COVID-19-ийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлыг барьж авч, илрүүлж чадаагүй бол цаашид голомтлон тархаж, хүн амын дунд тогтвортой тархах үе шаттайгаар явагдаж байна.

Зарим улс орон вирусийн тархалтыг амжилттай хянаж чадаж байгаа.

Сүүлийн үед зарим оронд оргил үе нь өнгөрч байгаа ч дэгдэлт бусад улсад гарсаар байгаа нь цар тахлын шинж юм.

Зөөвөрлөгдөн орж ирэх асуудал үнэхээр анхаарал татсан асуудал болж буй.

Энэ өвчний дэгдэлт хэзээ зогсох нь тодорхой биш байгаа учир улс орнууд эрсдэлтэй бүлгээ хамгаалж, өвчин өргөн хүрээнд хүн амын дунд тархахад, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.