Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Антониу Гутерреш: Коронавирусийн тахал бол дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Нью Йорк хотод коронавирусийн тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар хийсэн судалгааны тайланг НҮБ танилцуулжээ.

Танилцуулгын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш үг хэлэхдээ энэхүү тахлыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал гэж тодорхойлсон байна.

Өнөөдрийн байдлаар Covid-19 халдвараар дэлхий дахинд 850,000 орчим хүн өвчилж, 41,000 гаруй хүн нас бараад байгаа юм.

АНУ-ын иргэдийн 181,000 гаруй нь Covid-19 халдвар авсан нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн муу үзүүлэлт болж байна. Мөн энэ улсын дөрвөн иргэн тутмын гурав нь хөл хорионы дэглэмд орж, нийгмээс тусгаарлагдаад байгаа юм.

“Шинэ коронавирусийн өвчлөл хүмүүсийн амь, амьдралыг хохироож, нийгмийн цөм рүү халдаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан цагаасаа хойш хамгийн хүнд сорилттой тулгарсан нь энэ юм” гэж Гутерреш хэлжээ.

Тэрээр энэ хүнд цаг үед аж үйлдвэржсэн орнууд бага буурай хөгжилтэй орнуудад туслахгүй бол тахал хээрийн түймэр шиг тархах аюултайг анхааруулсан байна. Мөн вирусийн халдварыг сааруулж, зогсоохын тулд улс орнууд нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ.

Коронавирусийн тахал дэлхий даяар 25 сая ажлын байрыг устгаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулахаар байгааг өчигдөр танилцуулсан НҮБ-ын тайланд өгүүлжээ.

 

Эх сурвалж: BBC