Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани LCD дэлгэцний зах зээлээс гарч байгаагаа зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани LCD буюу шингэн кристал дэлгэцний үйлдвэрлэлээ энэ онд багтаан бүрэн зогсоож, дараа үеийн технологийн үйлдвэрлэл рүү шилжих болсноо өчигдөр зарлажээ.

Тус группын харьяа Samsung Display компани энэ оны сүүлээр Өмнөд Солонгос болон Хятад дахь LCD дэлгэцний үйлдвэрүүдээ хаах юм байна.

Эдгээр үйлдвэрүүдэд ажилладаг 3,000 орчим ажилтанд өчигдөр энэ шийдвэрийн талаар мэдэгджээ.

Ирэх оноос эхлэн Самсунг зөвхөн QD-LED (quantum dot LED), уян OLED, QNED (QD-nano) зэрэг орчин үеийн технологитой дэлгэцнүүдийг үйлдвэрлэхээр болсон байна.

Өнөөдөр LCD дэлгэцийг зөвхөн хямд үнэтэй гар утас, зурагтнуудад ашигладаг бөгөөд сүүлийн үед энэ төрлийн зах зээлийн нийлүүлэлт хэт нэмэгдэж, ашиг нь буурах болсон юм. Үүнд Хятадын үйлдвэрлэгчид гол нөлөө үзүүлж байгаа.

Самсунг компани шинэ үеийн дэлгэцний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 2025 он гэхэд нийт $11 тэрбумын хөрөнгө оруулахаар болжээ.

QD технологи нь хортой кадмий (cadmium) бодисын оронд “indium phosphide” бодис ашигладаг бөгөөд үр дүнд нь дэлгэцний ашиглалтын хугацаа сая хүртэл цагаар уртассан байна.

Самсунгийн Хятад дахь LCD дэлгэцний үйлдвэр нь Сужоу хотод байдаг. Самсунг энэ үйлдвэрийн 60 хувийг эзэмшиж, 30 хувийг нь Сужоу хотын захиргаа, 10 хувийг нь Хятадын дэлгэц үйлдвэрлэгч CSOT компани эзэмшдэг байна.

Үйлдвэрлэлээ зогсоох болсонтой холбоотой Самсунг өөрийн эзэмшлийн хувийг Хятадын компаниудад зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Самсунг Электроникс нь зурагт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг юм.

 

Эх сурвалж: Yonhap News