Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтэц, хиймэл байгууламжийн ажил 80 гаруй хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаныхантай Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа.

Тэд үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн байна.

Тус бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 10 гаруй анги нэгтгэл, туслан гүйцэтгэгчээр дотоодын 56 аж ахуйн нэгж гээд нийт 2,300 гаруй хүн, 1,300 нэгж техниктэйгээр ажиллаж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил бол монголчууд өөрсдийн хүчээр бүтээн босгож чадаж байгааг харуулсан тод жишээ" хэмээн онцлов.

Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.

Тэд алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эр орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай харих боломжтой цаг үед цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байсан юм.

Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг хийж, төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна.

Гэрэл зургийг: ЗТХЯ

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам