Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан нисэх онгоц АНУ руу илгээснийг Дональд Трамп мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор ОХУ эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий нисэх онгоцыг АНУ руу илгээсэн тухай ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой сэтгүүлчдэд мэдэгджээ.

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “Бид дэлхийн олон улс оронтой сайн харилцаатай байдгийг би энд хэлмээр байна. Хятад улсаас тусламж ирж байна. Орос улс дүүрэн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй маш том нисэх онгоц илгээсэн” гэж ярьсан байна.

Тэрээр яг ямар тусламж ОХУ-аас ирсэн талаар дэлгэрүүлж яриагүй юм.

Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тооцоогоор өнөөдөр АНУ-д шинэ коронавирусийн халдварын 160,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,900 гаруй өвчтөн нас бараад байна.

Харин ОХУ-д Даваа гарагийн байдлаар халдварын 1,836 тохиолдол бүртгэгдэж, есөн өвчтөн нас баржээ.

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярихдаа коронавирусийн тахал, мөн газрын тосны зах зээлийн нөхцөл байдлыг хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: ТАСС