Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хөл бол шилдэг эмч!

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг
Монголын Явган Алхалтын Холбооны Ерөнхийлөгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Сониныхоо энэ удаагийн дугаараар “Монголын Явган алхалтын холбоо” (Mongolian Walking Association)-ны Ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлага хийлээ. Тус холбоо нь явган алхалтаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих мөн алхалтаар дамжуулан өөр хоорондоо нөхөрлөх, олон улсын алхалтын хөтөлбөрүүдээр дамжуулан нөхөрлөлийн хил хязгаараа тэлэх, байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах, хамгаалах зэрэг олон боломжуудыг олгодог юм. Сүүлийн үед явган алхалт дэлхий нийтийн чиг хандлага болж, манай улсад ч нэгэн адил хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, ажил мэргэжил үл хамааран хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтайгаар эрүүл мэндээ хамгаалах таатай нөхцлийг бүрдүүлдэг болжээ.

- Сайн байна уу? “Монголын Явган алхалтын холбоо”- оор ойрд ямар сонинтой байна вэ? Саяхан Солонгосын явган алхалтын холбоотой хамтарсан алхалт хийсэн гэж байсан. Энэ тухай аялалын сонин сайхнаар яриагаа эхлүүлье.

- Сайн байна уу? Тиймээ, манай холбоо 2019 онд гэхэд Өмнөд Солонгосын алхагч нартай хамтарсан 5 удаагийн үйл ажиллагаанд оролцсон байна. 2020 он гараад 1-р сарын сүүлээр мөн Солонгосын хамгийн өмнөд хэсгийн Ёосу хойгт алхалт хийсэн. Харин 2-р сард төлөвлөгдсөн Чэжүгийн 250 км-ийн алхалт корона вирусын тархалтын улмаас цуцлагдсан тул бид оролцож чадалгүй буцсан. Сүүлийн үед оролцсон алхалтуудын хувьд өнгөрсөн 5-р сард БНСУ-ын нийслэл Сөүл хотод 3 өдрийн алхалтын хөтөлбөрт оролцсон бөгөөд эхний өдөр нь Сөүл хотын иргэдийн төлөөлөл болсон 15 мянга гаруй иргэд оролцсон “Хамтдаа нэгэн сэтгэлээр” уриан дор зохион байгуулагдсан нийгмийн алхалтын фестивалийн онцолмоор байна.

Харин дараагийн өдөр нь Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл татам далайн эрэг гэж алдаршсан Квандугын хэсгийн хоёр Солонгосын хилийн зурваст байрлах Номхон далайн цэнгэг уст эргийн маршрутаар алхалтыг хийсэн юм.

Харин 10-р сарын алхалт бол Вонжугын олон улсын зэрэглэлийн алхалт байлаа. Энэ алхалтанд дэлхийн 22 улсын алхагч нар оролцсон маш сонирхолтой хөтөлбөр болсон. Манай алхагчид амжилттай оролцож, 2 өдөрт нийт 40км-ийн алхалт хийж, “Хүрэл” медаль хүртсэн. Ер нь зөвхөн солонгос гэхгүйгээр манай холбооны гишүүд холбооны гадаад харилцааны дэмжлэгтэйгээр дэлхийн маш олон оронд алхалтын хөтөлбөрүүдэд оролцох, олон улсын цол, зэрэглэл авах боломжууд нь нээлттэй байдаг.

Харамсалтай нь COVID-19 вирусын улмаас 2020 он гараад төлөвлөсөн Израйлын алхалт, Оросын алхалт, Японы алхалт, Индонезийн алхалтууд цуцлагдсан тул манай гишүүд яваагүй. Мэдээж энэ цар тахлыг дэлхийн улс орнууд хохирол багатай даван гарах нь хамгийн чухал зорилт шүү дээ.

- Өмнөд Солонгост явган алхалтын зам, дэд бүтэц, орчин нөхцөл нь хэр бүрдсэн байдаг юм бол оо? Манай улсад явган алхалт хийх боломж хэр бүрдсэн байдаг вэ?

- Солонгосын жишээн дээр ярихад тэнд явган алхалт үнэхээр бүх нийтийн эрүүл мэндийг дэмжсэн маш чухал арга хэмжээ, гэр бүл, хамт олны хэмжээнд олон нийтийн хөдөлгөөн болжээ. Төрийн байгууллагын дэмжлэг ч их байдаг юм байна. Явган алхалтыг шинжлэх ухааны түвшинд  судалж, иргэдээ алхалтанд уриалж, алхалтыг дэмжсэн дэд бүтэц, орчныг бүрдүүлж, стандартыг сайтар хангажээ.

Тухайлбал, алхалтын зам, амрах хэсэг, суух сандал, уух ус, 00-ын асуудлыг бүрэн шийдэж, зургаа даруулах талбай, алхалтын маршрутыг харуулсан газрын зураг, мэдээлэл тайлбар, самбар зэргийг байршуулсан байдлаараа ялгарч байна лээ. Энэ боломж дээрээ түшиглэн эко-аялал жуулчлалын чухал контент болгон хөгжүүлж чадсан байна.

Бид сүүлийн жилүүдэд маш идэвхтэй алхаж байна, амралтын өдрүүдэд нийслэл хотын иргэд ялангуяа алхах сонирхол их болжээ. Мэдээж анхлан алхаж байгаа хүмүүсийн хувьд алхалтын зам, маршрут, чиглэлийн талаарх мэдээлэл дутмаг байна гэсэн асуудал их байгаа. Явган алхалтын мэргэжлийн байгууллагын хувьд манай холбоо энэ тал дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бий.

- Түрүүн та яриандаа “Нийгмийн алхалт” гэж ярьж байсан, энэ ямар учиртай вэ?

- Алхалт бол зөвхөн байгальд хийгддэг, өөрийн бие физологийн үйл ажиллагааг дэмждэг үйлдэл биш гэсэн санаа. Бид жил бүр Улаанбаатар хотод болдог автомашингүй өдрөөр гэр бүлээрээ хамтдаа гарч алхцгаадаг. Энэ үйлдэлээр хотын иргэд илүү ойр дотно, нөхөрсөг, найрсаг соёлыг бүтээж чаддаг. Автомашиныг алхалтаар орлуулья гэсэн үзэл санааг түгээн сурталчилсан алхалт хийж болно. Бид ойрхон зайнд машин унах нь эдийн засагт, экологит, биеийн эрүүл мэндэд ч тэр эерэг нөлөө багатай. Мөн хандив цуглуулах, тодорхой үзэл санааг илэрхийлэх, олныг эерэг зүйлд уриалсан агуулгатай алхалтууд ч бий. Өмнө нь дурдсан Сөүл хотын удирдлагуудын “Нэг зүрх сэтгэлээр” уриан дор найрсаг хотыг бий болгох санаачилга дор нэгдэн алхалт бол нийгмийн алхалт юм.

- Явган алхалт эрүүл мэнд талаас ямар үр өгөөжтэй вэ?

- XXI зууны өвчин хэмээн нэрлэгдэж буй хөдөлгөөний дутагдал нь маш олон төрлийн өвчин, эмгэгийн үндэс нь болж байна. Тухайлбал, таргалалт, түүнээс улбаатай өвчнүүд, нуруу нугас, тулгуур эрхтний доройтол, зүрх судас, цусны эргэлт, дотор, мэдрэлийн гээд хүний биеийн бүхий л хэсгийн эрүүл мэндийг хамруулан ойлгож болохоор байна. Гэтэл бид маш бага зардалаар, их цаг гаргалгүйгээр алхалт хийх замаар уг XXI зууны өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Таны хоёр хөл бол хамгийн шилдэг эмч юм шүү. Энэ агуулгаар Солонгосын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, доктор Канг Ок Ли-г урьж МУИС-д лекц зохион байгуулж байлаа. Олон орны томоохон бизнесийн байгууллагууд ажилчидаа эрүүл байлгах нь илүү өндөр ашиг олох боломж гэж үзэж байна.  Тиймдээ ч алхалт нь эрүүл мэндийн зардлыг бууруулж байна. Мөн ажилчид эрүүл байснаар тухайн байгууллагын бүтээмж өндөр байх үндэс нь болж байна гээд дурдаад байвал олон давуу талтай.

- “Монголын Явган алхалтын холбоо”-ны гишүүн яаж болох вэ? Ямар давуу талтай вэ?

Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг төдийгүй хилийн чанадад байгуулагдсан БНСУ, БНХАУ, АНУ дахь салбар байгууллагуудаар дамжин хэн бүхэнд гишүүн болох эрх нь нээлттэй. Монгол улсад алхалтыг сурталчилах, алхалтын олон төрлүүдийг шинээр хөгжүүлэх зорилгын үүднээс гишүүдээ яаж илүү их дэмжих вэ? Яаж илүү их боломж олгох вэ гэдэг дээр бид их анхаарч байна. Жишээлбэл, гишүүд болон сонирхогчдыг дэмжсэн walking.mn платформыг хөгжүүлээд бараг дуусч байна. Ингэснээр гишүүнээр элсэх, алхалтын хөтөлбөрт бүртгүүлэх, алхалтын зайгаа бүртгэлжүүлэх, гишүүнчлэлийн зэрэглэл, төлөв байдлаа харах гэх мэт олон боломжуудыг бүрдүүлсэн механизмыг бий болгосон байгаа. Гишүүд албан ёсны алхалтын үйл ажиллагаанд алхсан зайгаа бүртгүүлж явсаар 99 км болсон бол “Bronze” буюу “Хүрэл” гишүүний болзол хангаж, гадаад улсад алхах эрхээ нээх, улмаар үргэлжлүүлэн “км” цуглуулах зарчмаар шинэ шинэ боломжуудыг хүртэх гээд сонирхолтой, уян хатан зохицуулалтууд хийгдсэн.

- Ойрын хугацаанд ямар алхалтууд хийгдэх вэ?

- Монгол алхагчид бид дэлхийн өнцөг булан бүрт хүрч, байгал дэлхий, хотуудад очиж алхалт хийх зорилготой. Энэ боломжийг манай холбоо гадаад харилцаа талдаа идэвхтэй анхаарч, дэлхийн 40 орчим улсад алхалтын хөтөлбөр зохион байгуулах, хамтран алхах нөхцлийг бүрдүүлж чадсан. Мөн Солонгосын Явган Алхалтын Холбоотой стратегийн найрамдалт харилцаа үүсгэх санамж бичгийг өнгөрсөн 7-р сард Монгол улсад зурж байсан бол, Японы Явган алхалтын холбоотой санамж бичиг зурах ажил 5-р сард төлөвлөгдсөн байна. Мөн Монгол улсдаа 7 хоног бүр хэд хэдэн байршилд нэгэн зэрэг алхалтууд зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. Одоогоор корона вирусын хөл хорионы улмаас алхалтын хөтөлбөрүүд маань цуцлагдсан тул илүүтэй дотоод үйл ажиллагаа, гадаад харилцааны чиглэлдээ анхаарч байна.

- “Монголын Явган алхалтын холбоо”-ны төлөвлөсөн бусад ажлуудын талаар таныг танилцуулахыг хүсч байна.

- Үндсэн үйл ажиллагаа бол явган алхалтыг бүх нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөн болгож хөгжүүлэх, Монголчуудыгаа эрүүл, чийрэг, урт наслуулахад чухал хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн одоогоор Монгол улсад төдий л хөгжөөгүй байгаа алхалтын олон төрлүүд байна. Жишээлбэл, нордик алхалт, фитнесс алхалт, треккинг гэх мэт төрлүүдийг хөгжүүлэх, мэргэжлийн багш, дасгалжуулагч нарыг бэлтгэх, явган алхалтыг мэргэжлийн түвшинд судлах, эрдэм шинжилгээний ажлуудыг гүйцэтгэх, аялал жуулчлалын шинэ контентийн түвшинд гаргаж ирж, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах гээд нэлээд зорилтууд бидний өмнө бий.

- “Монголын Явган алхалтын холбоо”-ны талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

- Манай веб сайтанд хандвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай www.Walking.mn гэж хаягаар хандаж мэдээлэл авч болно.

- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

- Баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.