Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

“Өнөөдөр би COVID-19 тархалтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээний захирамжинд гарын үсэг зурлаа. Маргаашаас эхлэн Москва хотын бүх оршин суугчид гэр гэртээ өөрийгөө тусгаарлах горимд шилжих болж байна” гэж Собянин сошиал хуудсандаа бичсэн байна.

Иргэд зөвхөн шаардлагатай тохиолдолд эмийн сан, эмнэлэг орох, гэртээ ойр хүнсний дэлгүүрт очих, хог хаях, ажилдаа ирж, очих, нохойг гэрээсээ 100 метр дотор салхилуулах зорилгоор л гэрээсээ гарах эрхтэй болжээ.

Зөвхөн Москва хотын захиргаанаас тусгай зөвшөөрөл авсан этгээд өөр зорилгоор хот дотор зорчиж болох юм байна.

Ойрын үед хотын захиргаа иргэдийн хөдөлгөөнийг хянах ухаалаг шийдэл боловсруулж, нэвтрүүлэхээр болсныг Собянин мэдэгджээ.

Гэрээс гарахдаа иргэд бусад хүмүүсээс хамгийн багадаа 1.5 метр зайтай биеэ авч явах ёстой болж байна.

Өчигдрийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 1,534 тохиолдол бүртгэгдэж, найман өвчтөн нас баржээ. Халдвар авсан хүмүүсээс 64 нь бүрэн эдгэрсэн байна. Москва хотод өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн дэглэм хэзээ дуусах талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: ТАСС