Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд гацсан аяллын хөлөг дээр дөрвөн хүн коронавирусийн өвчнөөр нас бараад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Holland America компанийн Zaandam аяллын хөлгийн зорчигч дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас бараад байгааг өчигдөр зарлажээ.

Мөн тус хөлгийн хоёр зорчигчоос Covid-19 халдвар илэрсэн байна. Баасан гарагийн байдлаар Zaandam хөлгийн 53 зорчигч, багийн 85 гишүүн, нийт 138 хүнээс ханиадтай төстэй өвчний шинж тэмдэг илэрчээ.

Тус хөлөг дээр нийт 1,243 зорчигч, 586 ажилтан аялж яваа юм.

Хөлөг одоо Панамын эргээс холгүй далайн усанд байгаа. Holland America компани хөлгийн эрүүл зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд Rotterdam нэртэй хөлгийг илгээгээд байгаа.

Ингэхдээ Пүрэв гарагийн орой оношлуур, эмчилгээний хэрэгслийг Zaandam хөлөгт хүргэсэн юм.

Хөлөг Панамын сувгаар гарч, АНУ-ын Флоридад хүрэх зорилготой боловч Панамын засгийн газар халдвар гарсан хөлгийг хүлээж авахаас татгалзаад байна.

Сувгаар гарахын тулд бүх зорчигчид Панамд түр буух хэрэгтэй болдог. Энэ нь Панам улсын хувьд эрсдэл үүсгэж байгаа гэнэ.

Zaandam хөлөг гуравдугаар сарын 7-нд Аргентины нийслэл Буэнос Айрес хотоос гарсан байна. Хөлгийн зорчигчид хамгийн сүүлд гуравдугаар сарын 14-нд Чилийн Пунта Аренас боомтод бууснаасаа хойш газарт хөл тавиагүй байгаа ажээ.

Коронавирусийн тахлаас шалтгаалан далайд гацсан хөлөг ганцхан Zaandam биш юм. Cruise Lines International Association байгууллагын мэдээлснээр дэлхий даяар одоо 14 аяллын хөлөг зогсох боомт хайж, далайд саатаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN