Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д илэрсэн коронавирусийн халдварын тоо 100 мянгыг давж, Итали, Испанид эндэгдэл дээд цэгтээ хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ердөө нэг өдрийн өмнө коронавирусийн халдварын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлсэн АНУ-д өчигдөр энэ тоо 100 мянгыг давсан байна.

Нью Йорк хот тус улсын тахалд хамгийн их нэрвэгдсэн хот болоод байгаа бол Нью Орлеан, Чикаго, Детроит хотуудад халдвар эрчимжсэн таагүй мэдээ иржээ.

Өчигдөр бас Итали улс илэрсэн халдварын тоогоор Хятадыг гүйцэж, АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт жагссан байна.

Өчигдрийн байдлаар хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн 10 улсыг жагсаавал:

  1. АНУ                   100,717 (1,544 эндэгдэл)
  2. Итали                  86,498 (9,134 эндэгдэл)
  3. Хятад                  81,340 (3,292 эндэгдэл)
  4. Испани                64,059 (4,858 эндэгдэл)
  5. Герман                   42,288 (253 эндэгдэл)
  6. Франц                 32,964 (1,995 эндэгдэл)
  7. Иран                    32,322 (2,378 эндэгдэл)
  8. Их Британи            14,579 (759 эндэгдэл)
  9. Швейцарь              10,714 (161 эндэгдэл)
  10. Өмнөд Солонгос     9,332 (131 эндэгдэл)

Өчигдөр АНУ-ын эдийн засгийг коронавирусийн тахлаас аврах $2.2 их наядын хөтөлбөрийг конгрессийн төлөөлөгчдийн танхим дэмжсэний дараа ерөнхийлөгч Дональд Трамп баталж, гарын үсэг зурлаа.

Энэ нь Америкийн түүхэнд урьд өмнө хэрэгжиж байгаагүй томоохон эдийн засгийг дэмжих хөтөлбөр юм.

Баасан гараг нь Европын тахлын төв болж байгаа Итали, Испани улсуудын хувьд хамгийн хар өдөр болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Италид 969 хүн, Испанид 769 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь тахал эхэлснээс хойш эдгээр улсуудад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон эндэгдэл байв.

Италийн нийт эндэгдлийн тоо 9,134 хүрсэн бол Испани улсынх 4,858 хүрээд байна.

Гэхдээ Итали улсад сүүлийн өдрүүдэд шинээр илэрсэн халдварын тоо бага багаар буурч байгаа нь найдлага төрүүлж байгаа юм. Тухайлбал Баасан гарагт энэ улсад 5,959 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 6,153 тохиолдлоос буурсан үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: AFP, Associated Press