Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын өрийг ирэх жил хугацаанд нь төлнө

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу ороод байна. Өнөөдөр танилцуулсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5 их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна.

Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляц, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. Засгийн эрх авахад гадаад валютын нөөц 1 тэрбум доллар байсан бол 4.2 тэрбум доллар болж нэмэгдсэн. Ийм үед л ашиглах гэж нөөцтэй байдаг. Тиймээс валютын ханшид нөлөө орохгүй гэдэгт итгэж болно.

Дэлхийн эдийн засаг ямар байх нь вэ, Хятадын эдийн засаг яаж хөгжих вэ гэдгийг харж байж Засгийн газар бодлогын арга хэмжээгээ авдаг. Өнөөдөр бид гадаадын олон орны бодлогыг судалж, худалдааны гол түншийнхээ эдийн засгийн бодлоготой уялдуулж ийнхүү арга хэмжээ авахаар арга хэмжээгээ танилцуулж байна. Ийм хямралтай үед урьд өмнөх шигээ алдаа гаргах эрх байхгүй. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар ажиллаж байж үүнийг танилцуулж байгаа юм" гэдгийг хэллээ.

Түүнчлэн "5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд 1.3 тэрбум ам.долларын эх үүсвэрийг баталгаажуулахаар гэрээ хийж байна. Өнөөдөр 720 сая долларын санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан. Үлдэж байгаа 580 орчим сая долларын гэрээг үргэлжлүүлээд хийнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг чухал салбаруудад зориулагдах байдлаар авах чиглэлээр яриа хэлцлүүдийг эрчимтэй хийж байна. 

Ирэх жил бид 2.9 тэрбум ам.доллартай тэцэх дөрвөн бондын төлбөр хийнэ. Монгол Улсын үнэт цаас бондын үнэ 15-25 хувиар унасан байгаа. Тэгэхээр холбогдох гэрээ хэлцлүүдийг зарим байгууллагуудтай 2019 оны дунд үеэс хийсэн яриа хэлцлүүд үргэлжилж байгаа. Засгийн газрын хувьд 2.9 тэрбум ам.долларын өрийг ирэх жил хугацаанд нь төлнө" гэв.