Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Сонгуулийг хойшлуулах нь ардчилсан тогтолцоотой Монгол Улсын хувьд боломжгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" Эвсэл байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа Бид эдийн засагчид , хуульчид гээд мэргэжлийнхнийг цуглуулаад Ерөнхийлөгчийн уриалга болон өнөөгийн нөхцөл байдлыг маш сайн судаллаа. Ингээд хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Нэгдүгээрт, Төсвийн тодотгол хийх саналыг дэмжиж байна. Бид хоёрдугаар сард эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бидэнд хариу ирээгүй болохоор нь гуравдугаар сард иж бүрэн төлөвлөгөө боловсруулаад албан ёсоор бичгээр хүргүүлсэн. Гэсэн ч одоо болтол бидэнд хариу өгөөгүй байна.

Төсвийг яаралтай тодотгож, хэрэггүй хөрөнгө оруулалт, шаардлагагүй зардлыг танаж, хямралд хамгийн түрүүнд өртөж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчид, ААН-үүдэд туслах хэрэгтэй байна.

Коронагийн асуудал дээр Эрүүл мэнд, сангийн сайдууд ажиллаад байгаа. Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна. Хямралаас хэрхэн гарахыг, энэ үйл явцад Засгийн газар, ААН, иргэд яаж оролцох юм бэ гэдгээ тодорхой болгоод Ерөнхий сайд өөрөө хариуцаад, өөрөө мэдээлэл хийж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Сонгууль хойшлуулж, төсөв хэмнэх санал гаргасан байна. Энэ бол Үндсэн хуультай, ардчилсан тогтолцоотой Монгол Улсын хувьд боломжгүй зүйл. Сонгуулийг төсөв хэмнэхийн тулд хойшлуулдаггүй. Одоохондоо сонгуулиа хийхгүй байх хэмжээний хүнд байдалд ороогүй учраас УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь хийхийг шаардаж байна.

Сонгуулийг заавал олон хүн цуглуулаад, асар их зардал гаргаад, мөнгөө уралдаж үрэх маягаар хиймээргүй байна. Цахим технологи ашиглаад зардал багатайгаар сонгууль хийх боломж байгаа. Бидэнд сонгуулийг маш бага зардлаар, шударга сонгууль хийх шийдэл нь байна.

Гуравдугаарт, ҮАБЗ-ийн дэргэд комисс байгуулж, засаглалыг төвлөрүүлэх асуудал байгаа. Энэ бол эрс эсэргүүцэх ёстой зүйл. Өнөөдөр УОК муугүй ажиллаж байна. Тиймээс одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг самарч болохгүй. ҮАБЗ угаасаа шийдвэр гаргадаг субъект биш.

Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд Ерөнхийлөгч нийгмийн айдас дээр үндэслээд засаглалыг, иргэдийн нэгдэл нягтралыг хагаралдуулах Үндсэн хууль зөрчсөн саналуудыг удаа дараа тавьж ирсэн. Ерөнхийлөгчөөс ийм үйлдэл хийхгүй байхыг шаардаж байна" гэв.

"Сонгуулийг хойшлуулах асуудал дээр намд, улстөрчид ямар ашигтай вэ гэдэг өнцгөөс хандмааргүй байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т сонгуулийг хойшлуулах нөхцөлийг зааж өгсөн байгаа. Энд Үндсэн хуулийн 25.2, 25.3-т заасны дагуу онцгой нөхцөл байдал үүсээд, үүний дагуу УИХ эсвэл Ерөнхийлөгч онц байдал тогтоосон үед сонгуулийг хойшлуулах асуудал яригдана. Тэгэхээр Онц байдлын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт хийж өгсөн байдаг. Хаврын чуулган хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байгаа энэ үед Ерөнхийлөгч онц байдал зарлахгүй байх гэж найдаж байна. Учир нь Засгийн газар тодорхой хэмжээнд үр дүнтэй ажиллаж, вирусийн халдварыг тогтоон барьж байгаа.

Сонгуулийг хойшлуулах асуудал дээр намд, улстөрчид ямар ашигтай вэ гэдэг өнцгөөс хандмааргүй байна. Монголчууд төрөө байгуулж байгаа чухал үйл ажиллагааг зөвхөн онцгой нөхцөлд хойшлуулах ёстой.

Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой байдал удаа дараа ардчилал эрх чөлөөнд хортой үйл ажиллагаа, арга хэмжээг санал болгож байгаа нь энэ хүнд итгэх итгэлийг сулруулж байна.

Энэ нөхцөлд УИХ-д хандан Ерөнхийлөгчийн уриалгад тулхтай хандахыг уриалж байна" хэмээн ярилаа.

"ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслийнхний зүгээс сонгуулийг цахимаар явуулах шийдлийг блокчейн технологи, Хур систем дээр тулгуурлан хийхэд боломжтой дэд бүтэц манай улсад байгааг хэлж байв.