Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: COVID-19 халдварын 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй тохиолдлоос халдсан байх магадлалтай байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Өнөөдрийг хүртэл нийт 3,633 хүнийг тусгаарлан ажиглалтад авжээ. Одоогийн байдлаар 2,216 иргэн тусгаарлалтад байгаа" хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

Мөн тэрбээр "Баян-Өлгий аймагт нэг жолооч нэмэгдсэн бол Дархан-Уул аймаг 34 иргэн, Баянбууралын амралтад 149 хүнийг нэмж тусгаарласан.

149 иргэн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд тэднийг түргэний галт тэргээр Баянбууралын амралтад аваачсан.

Цаашид мөн бид УОК-ын шийдвэрээр иргэдийг нэмж тусгаарлах байруудыг бэлэн болгож байна. Хэрвээ Баянхангай, Баянбайгаль, Батсүмбэрийн амралтуудад иргэдийг тусгаарлахаар болбол тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлдсэн.

Түүнчлэн өчигдөр УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 болгож сунгасан бөгөөд ганц, ганцаар нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар болсон нь:

  • Иргэдийг тухайн улс орондоо коронавирусийн шинжилгээнд хамруулж, сөрөг тохиолдолд онгоцонд суулгах
  • Ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнийг онгоцонд суулгахгүй
  • Бүх хүн амны хаалт, бээлийтэй байх
  • Онгоцонд сууснаас хойш зорчигчид аль болох хоорондоо ярихгүй байхыг сануулах
  • Онгоцоор ирэх иргэдий халууныг хоёр цаг тутамд шалгах
  • Сэжигтэй тохиолдол гарвал онгоцны арын суудал руу тусгаарлах
  • Онгоц газардахаас өмнө холбогдох байгууллагад бүх мэдээллийг өгөх юм.

Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн "COVID-19 халдвар Монгол Улсад тархах эрсдэл маш өндөр байгаагаас гадна тусгаарлан ажиглах байранд байлгах хугацааг тодорхойлохдоо халдварын нууц үеийн хугацаатай уялдуулсан.

Тухайлбал, ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт орсон нь шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног буюу нийт 16 хоногийн хугацаанд өвчтэй хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа.

Мөн энэ халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзэж байна. Бусад олон орны судлаачийн судалгаагаар нууц үеийн хугацаа 21-28 хоног байх магадлалтай гэж үзсэн учраас бид тусгаарлан ажиглах хугацааг сунгасан юм.

Европын орнуудын жишээнээс харахад шинж тэмдэггүй байх үед нь халдвар авах тохиолдол байна.

Тухайлбал, халдвар авсан 30 гаруй хувь шинж тэмдэггүй тохиолдлоос халдсан байх магадлалтай, 44 хувь нь өвчний нууц үедээ бусдад халдаасан байх эрсдэл бий гэж тооцсон.

Энэ өвчлөлийн 38 хувь нь 20-54 насныханд тохиолдсон байна. Эрчимт эмчилгээнд орж байгаа хүмүүсийн олонх нь 65 хүртэлх насны иргэд байна гэсэн мэдээлэл бий. 

Өнөөдөр ДЭМБ-аас бүх улс орны Эрүүл мэндийн сайд нартай цахим хурлыг зохион байгуулахаар болсон ба Улаанбаатар хотын цагаар 19:00-21:00 цагт болно.

Мөн бид БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороо болон Элчин сайдын яамтай хамтран уламжлалт анагаах ухааны аргаар энэ өвчнийг хэрхэн эмчилж байгаа талаар зөвлөлдөхөөр төлөвлөсөн байна.

Түүнчлэн өчигдөр твиттер дээр коронавирусийн халдвартай холбоотой нийт 300 гаруй тэрбум зарцуулж байгаа гэсэн мэдээлэл гаргасан нь ТАШАА мэдээлэл гэдгийг хэлье.

Эрүүл мэндийн салбар бүх авч буй эм, тоног төхөөрөмжөө болон зарцуулж буй хөрөнгөө нээлттэйгээр мэдээлж байгаа" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.