2020/06/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
17°
|
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
20°
13:00
S26
21°
14:00
S30
23°
15:00
S26
25°
16:00
S30
25°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S30
23°
20:00
S26
21°
21:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төрийн удирдлагыг төвлөрүүлэх боломжтой юу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргасан билээ. Уг уриалгад коронавирусийн  тахал, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн манай улсын эдийн засагт хямрал нүүрлэж байгаатай холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, зарцуулах хөрөнгийг хэмнэх, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх тухай дурдсан байв. 

COVID 19 цар тахлын тархалт хэр удаан үргэлжилж, цаашид ямар нөхцөл байдал үүсгэхийг урьдчилан тааварлах боломжгүй. Гэсэн ч нэгэнт үүсээд буй хямралын нөлөөгөөр төсвийн орлого 2020 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Ерөнхийлөгч уриалгадаа ээлжит сонгуулийг хойшлуулж, хөрөнгө санхүү хэмнэнэ хэмээсэн. Энэхүү уриалга бодитоор хэрэгжих боломжтой эсэхийг хуульч, судлаач, УИХ-ын гишүүдээс тодрууллаа. 

"Магадгүй онц байдал зарлалаа гэхэд ҮАБЗ эсвэл Ерөнхийлөгчид онцгой эрх олгогдохгүй"

 
mpa.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор, доктор А.Бямбажаргал: УИХ-ын сонгуулийг хойшуулах тухайд Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. 

Өнөөдрийн нөхцөл онц байдалд тооцогдогдох уу үгүй гэдэг асуудал байна. Манай улс өмнө нь ганц удаа буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд онц байдал зарлаж байсан. Гэхдээ тухайн үед эмх замбараагүй байдал үүссэн учир ийм нөхцөл байдалд шилжсэн.

Харин өнөөдөр дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин дэгдээд байна. Мөн энэ халдварт өвчин одоогийн байдлаар зөвхөн гаднаас зөөвөрлөгдөн ирж байна. Энэ нь онц байдал зарлах тухай хуульд нийцэх үү үгүй юу. 

Магадгүй онц байдал зарлалаа гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсвэл Ерөнхийлөгчид онцгой эрх олгогдохгүй.

Дайн бүхий байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Үндсэн хуульд зааснаар өөр бусад эрхүүдийг эдэлж болох заалтыг  2018 онд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, дайны байдалд Ерөнхийлөгчид онцгой эрх олгохыг зөвшөөрөхгүй байна гэдэг нь онц байдлын үед ч зөвшөөрөгдөхгүй гэсэн үг. 

Дээр нь онц байдлын үед ч Улсын Их Хурал ажлаа хийнэ. Харин үйл ажиллагаа нь шуурхай процессоор, хууль батлах процедур нь онцгой гэдэг дэглэмээр явна. Түүнээс биш төрийн эрхийг шууд нэг газарт төвлөрүүлэх боломжгүй. Хууль гаргах замаар л асуудлыг шийднэ. Хуулийг зөвхөн парламент батална. Харин хэнд, ямар эрх олгох хууль батлах нь тусдаа асуудал. 

"Сонгуулийн үеийн кампанит ажлууд уламжлалт бус аргаар явагдах учир санал худалдан авах, сонгогчийн эрх зөрчигдөнө гэдэг талаас хойшлуулах уриалга гаргасан байх"

 

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь: Өнөөдрийн байдлаар хэрэгжиж хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулинд сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт, дахин санал хураалт гэсэн сонгуулийн ойлголтыг тусгасан байгаа. 

Сонгуулийг ямар байдлаар хойшлуулах боломж байна вэ гэвэл Онц байдлын тухай хуулинд заасан нөхцөл байдал үүссэн, Онц байдал хэмээн зарласан үед хэрэгжих боломжтой.

Онц байдлын үеийн хуулинд зааснаар “Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ” хэмээсэн байгаа. Тэхээр бүх эрх мэдэл төвлөрөх боломжгүй. Гол нь Зөвлөлийн санал зөрөлдсөн тохиолдолд, санал нэгдэж чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлигаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байгаа учир харилцсан хяналтын байдал үүссэн байнаа гэж харах хэрэгтэй байх. Төрийн эрх мэдэл шилжих нь Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болох боломжтой. 

Нөхцөл байдлыг харвал онц байдал зарласан хэдий ч өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа буюу нийгмийн эмх журам сахигдсан байна гэж үзэж болно. Энэ тохиолдолд сонгууль хийх нь боломжтой. Гол нь хэрвээ сонгууль хийвэл гарах үр дүн нь үймээн самууныг үүсгэх, нөгөө талаас одоогийн онцгой байдлын удирдлагын хэв маяг энэ чигээрээ байх эсэхэд эрсдэл үүснэ гэдэг талаас тооцсон байх. Нөгөө талаас сонгуулийн үеийн кампанит ажлууд уламжлалт бус аргаар явагдах учир санал худалдан авах, сонгогчын эрх зөрчигдөх гэдэг талаас хойшлуулах уриалга гаргасан байх.

Улс төрийн намын хувьд сонгуулийн PR болгож ашиглах бүрэн боломжтой. Явуулахгүй байх хугацаанаас шалтгаалан онц байдлын үр дүн эрсдэл эсвэл амжилттай даван туулсан гэсэн үр дүн үлдэнэ. Энэ нь сонгуулийн гол алим болох боломжтой. 

"УИХ-ын сонгуулийг хэн нэгний санал, уриалгаар хойшлуулах боломжгүй"

mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Улсын Их Хурлын сонгуулийг хэн нэгний санал, уриалгаар хойшлуулах боломжгүй. Энэ бол УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал. УИХ өөрөө нөхцөл байдлын үнэлгээ хийгээд гарцаа байхгүй сонгууль хойшлуулах хүчин зүйл гэж үзэх юм бол шийдвэрээ гаргана. 

Түүнээс биш Ерөнхийлөгч уриалга гаргаад, ард түмнээс асууж байгаад шийдэх асуудал биш. 

"Нөхцөл байдал одоо байгаагаас илүү муудахгүй бол УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зүйтэй"

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Сонгууль хойшлуулах нөхцөл байдал үүссэн гэж харахгүй байна. Энэ удаагийн сонгуулийг хойшлууллаа гэхэд юу дээрдэх вэ гэж асуумаар байна. Нөхцөл байдал одоо байгаагаас илүү муудахгүй бол УИХ-ын ээлжит сонгуулийг явуулсан нь зүйтэй гэж би хувьдаа харж байна. 

Харин төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэдэг уриалгын тухайд энэ бол бүхэл бүтэн тогтолцооны тухай асуудал болох байх. Хуулиар тийм боломж байхгүй. 

"Одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй байна" 

 
mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай сонгуулийн хуульд нарийн зохицуулалт байхгүй. Харин Үндсэн хуульд улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэж заасан байдаг. 

Ирэх тавдугаар сарын дундуур нэр дэвшигчид тодрох байх. Тэр хүртэл халдварт өвчин ямар байдалтай байх нь уу. Тухайн үеийн нөхцөл байдлыг харж сонгуулийг хойшлуулах эсэхийг шийдэх байх. Тиймээс одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй байна. 

Онц байдал зарласан ч Засгийн газар ажилладгаараа ажиллана. Онц байдал зарлах асуудлыг Ерөнхийлөгч зарлаж болно. Эсвэл 48 цагийн дотор УИХ-ын гишүүд зарлал хүлээлгүйгээр цуглаж онц байдал зарлах эсэхийг шийддэг. 

"Сонгууль хойшлуулсан ч мөнгө хэмнэгдэхгүй" 

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн төсөв 20 тэрбум төгрөг. Энэ бол сонгуулийн үеэр ажиллах төрийн албан хаагчдын цалин хөлс. Сонгууль хойшилсон ч гэсэн хэмнэгдэх мөнгө биш. Сонгууль хэзээ нэг өдөр хийнэ тэр үед ажиллах хүмүүст өгөх цалин хөлс юм. Тэгэхээр үүнийг хэмнэнэ гэж байхгүй. Харамсалтай байгаа ч цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авахаа хойшлуулаад төсвөө хэмнэж болно. Нэн шаардлагатай биш барилга байгууламжаа хойшлуулаад л шийдэж болно. 

Сонгууль хойшлуулах нь Ерөнхийлөгчид л ашигтай шүү дээ. У.Хүрэлсүх шиг гарын хүн дахин олдохгүй. Дахиж энэ 65 сонгогдохгүй. Муу ёр ч өнөөдөр халдвар 20 болоогүй байхад сонгууль хойшлуулах талаар ярих болоогүй байна. 

Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаас болж сонгуулийг хойшлуулж байна гэвэл болохгүй. Монголд өнөөдөр онц байдал зарлаагүй байна. Ерөнхийлөгч үнэхээр хүнд байгаа гэж үзэж байвал онц байдал зарлах тогтоолоо өргөн барьж болно. Олимп оролцох тамирчингүй болсон учраас хойшлуулсан. Өнөөдөр сонгуульд оролцох иргэнгүй бол сонгуулийг хойшлуулж болно. Өнөөдөр ийм нөхцөл үүсээгүй байна.

Гэмт хэрэг, авилга хээл хахуульд холбогдсон хүн л сонгуулийг хойшлуулах санаачилга гаргаж, дэмжинэ. Эдийн засгийг аврах ганц ч тогтоолын төсөл бариагүй, нөхцөл байдал хүндэрсэн талаар мэдэгдэл гаргаагүй мөртлөө ард түмнийг үймүүлж байна. Миний зүгээс сонгуулийг хойшлуулахыг дэмжихгүй. 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу “УИХ-ын сонгууль 2020”-той холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв
x