Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-өөр өвчилсөн хүн дараагийн хүнд халдвар тараах хугацаа дунджаар 4.8 хоног"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ДЭМБ-аас өгсөн мэдээллээр COVID-19 халдварын нийт 416,686 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас нийт 18,689 хүн нас баржээ.

Дэлхий дахинд сүүлийн гурван хоногт тохиолдлын тоо 121 мянгаар нэмэгдсэн бол долоо хоногийн дотор:

  • Европын бүсэд өвчний тохиолдлын тоо гурав дахин, 
  • Америкийн бүсэд 12 дахин нэмэгдэж дэгдэлтийн цөм болоод байна.

Итали, Испани улс нас баралтын тоогоор БНХАУ-ын дараа орж байна. Харин Номхон далайн баруун бүсэд байдал харьцангуй сайжирч, тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт 5,900-аар буюу зургаан хувиар нэмэгджээ.

Энэ нь өвчний эрсэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авч чадвал тархалтыг хязгаарлах боломжтойг харуулж байгаа юм.

COVID-19 халдвар гуравхан сарын хугацаанд дэлхийн бараг бүх улс, нутаг дэвсгэрт тархсан бөгөөд ихэнх улс, орон хөл хорионы хатуу арга хэмжээ авч цаг хожин, хоёр дахь боломжийг хайж байна.

Одоогийн байдлаар COVID-19 халдвар нь дэлхийн 150 гаруй улсад 100-гаас цөөн тохиолдол бүртгэгджээ" гэсэн мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн тэрбээр "ДЭМБ-аас улс орнуудад зургаан зөвлөмж өгч байгаа нь :

  • Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх,
  • Сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
  • Лабораторийн оношилгооны бэлэн байдлыг хангаж, хавьтлуудыг тодорхойлох,
  • Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байруудын тооцооллыг хийж бэлэн байдлыг хангах,
  • Хавьтлыг хэрхэн тусгаарлан ажиглах талаар төлөвлөгөө журам заавар гаргах,
  • Эрүүл мэндийн салбар дангаараа хийх боломжгүй ажил учраас салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах гэжээ.

Халдвар авсан нэг хүн дараагийн хүнд халдвар тараах хугацаа дунджаар 4.8 хоног байгаа бол өвчний нууц үе дунджаар зургаан хоног байна.

Шинж тэмдэг илэрч эмнэлгийн тусламж авах хүртэл хугацаа 3 хоног байгаа юм.

Харин шинжилгээний хариу батлагдсанаас хойш хавьтлуудыг олж тусгаарлахад нийт 18 хоног зарцуулагдаж байна. Энэ хугацаанд цааш улам тархаж, хавьтлуудын тоо нэмэгдэх аюултай байна" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.