Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарласнаас хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид өнөөдрийн байдлаар нийт 3,500 хүнийг тусгаарлажээ. Яг одоогийн байдлаар 2,126 иргэн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.

Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан.Одоогоор халуун нь буурсан байна.

Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн.

Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Бид тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах, бэлтгэхэд нэлээд анхаарч байна. 

Ялангуяа, тусгай үүргийн онгоцоор гаднаас иргэдийг авчрах шийдвэр гарвал тохирсон бэлтгэлүүдийг хийж байна.

Тусгаарлах байруудыг амралт, сувилал, зочид буудал, их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр гаргахаар судалж байна. Ингээд эхний удаад Улаанбаатар хотод болон хотыг тойрсон тусгаарлах байранд нийт 20,000 хүнийг хэрхэн тусгаарлаж болох талаар судалгаа гаргасан.

Түүнчлэн орон нутгийн чиглэлийн бүх галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд галт тэргэнд явж буй бүх хүний халууныг 2-3 удаа үзэж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлаж байгаа.

Мөн Түргэн тусламжийн дуудлагад маш сайн хяналт тавьж байна. ЯТТТөв нь 1,393 дуудлага авснаас ихэнх нь 0-5 хүртэлх насны хүүхдийн болон төрөхийн, осол гэмтлийн дуудлага байжээ.

Харин томуу, томуу төст өвчин амбулаторийн 1.8 хувийг эзэлж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.