Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид хэр бэлдэж байгаа вэ?

ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN

Техник технологийн хурдтай хөгжил нь өнөө цагийн онцлог.

Бидний амьдралын өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон интернэт, гар утас хурдацтай хувьсан хөгжиж буйг хүн бүр мэднэ.

Харин үүнээс үүдсэн виртуал реалити, биг дата гэх мэт ойлголт бидний өдөр тутмын нийгэм, эдийн засгийн харилцаанд суурь өөрчлөлт гаргах нь судлаачид урьдчилан таамаглаж, Дэлхийн Эдийн Засгийн Форумаас үүнийг “Аж үйлдвэрийн IV хувьсгал” гэж томьёолсон билээ. Энэ цагтаа уурын хөдөлгүүр, шугаман үйлдвэрлэл, сүүлд мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралд ямар том өөрчлөлт гаргаж байсантай зүйрлэсэн нь энэ юм.

Технологийн энэ дэвшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь улс орны хувьд томоохон давуу талыг бий болгоно. Энэ утгаараа Сингапур улсыг ирээдүйд хамгийн бэлэн байгаа улс гэж ДЭЗФ-оос гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар (Global competitiveness report 2019)1 үнэлсэн байдаг. Харин тус судалгаагаар Монгол улс 141 орноос 102-т эрэмбэлэгдсэн байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын индекс 2019

#

Улс

Оноо

1

Singapore

84.8

2

United States

83.7

 

. . .

 

101

Honduras

52.7

102

Mongolia

52.6

103

El Salvador

52.6

 

 

140

Yemen

35.5

141

Chad

35.1

Эх сурвалж. Global competitiveness report 2019, WEF

Тус үнэлгээг гаргахдаа нийт 13 дэд үзүүлэлт буюу баганаар улс улсыг үнэлдэг.

Харин Монгол Улсын хувьд хамгийн багаар үнэлэгдсэн гурван үзүүлэлт нь Харилцаа холбоо, мэдээллийн технологи (ХХМТ)-ийн нэвтрүүлэлт (47 оноо), зах зээлийн хэмжээ (42 оноо), Инновацийн чадвар (32 оноо) байлаа. Тус тайлангийн ерөнхий үзүүлэлтээр Сингапур улс тэргүүлж, өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй орноор үнэлэгдсэн бол АНУ удаалжээ. ХХМТ-ийн нэвтрүүлэлтээр БНСУ, Инновацийн чадварын үзүүлэлтээр Герман улс тус тус тэргүүлсэн байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын индекс 2019, Монгол улсын үнэлгээ

 

Эх сурвалж. Global competitiveness report 2019, WEF

ХХМТ-ийн нэвтрүүлэлт, инноваци гэдэг ойлголт нь Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед бусдаас хоцрохгүй байх, давуу тал бий болгох чухал үзүүлэлт юм.

Ялангуяа газарзүйн байршлын хувьд онцлогтой, далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулах гол гарц нь энэ боловч энэ чиглэлээрээ манай улс харьцангуй сул байна.

Гэхдээ энэ салбарт огт ахиц гарахгүй байна уу гэвэл үгүй юм. Ялангуяа төрийн захиргааны байгууллагууд энэ чиглэлээр идэвхитэй ажиллаж, тэргүүн туршлагуудыг бий болгосоор байгаа билээ. Харин иргэд энэ талаар мэдээлэлтэй байж, ашиглаж, хамтран ажиллаж байх шаардлагатай юм.

Иргэн төр хоёрын гүүр “ХУР систем

Анх 2013 онд төрийн үйлчилгээний төвлөрөлийг бууруулж, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ТҮЦ” машиныг нэвтрүүлсэн нь ард иргэдийн хувьд төрийн үйлчилгээний хүнд суртал, урт дараалал, цаг хугацаа алдах зэрэг олон бэрхшээлийг арилгасан технологийн шийдэл болж чадсан.

"ТҮЦ" машинаар дамжуулан иргэд хурууны хээгээ ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдсэн. Үүний үр дүнд бид иргэний цахим үнэмлэхийг анх удаа ухаалаг байдлаар нь ашиглаж, цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилсан. Үүний үргэлжлэл болгон цахим засаглал, цаасгүй технологи, хүнд сурталгүй үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг “Үндэсний дата төв”-ийн монгол инженерүүд хөгжүүлж, 2018 оны нэгдүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлсэн  юм.

Төрийн 616 үйлчилгээнээс цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой нь 496. Холбогдох байгууллагаас хийсэн судалгаагаар үүний 80 хувь нь цахим хэлбэрт шилжээгүй байгаа аж.

Мөн төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээгүйгээс хамгийн багаар бодоход жилд иргэдэд 153, төсөвт 166 тэрбум төгрөгийн дарамт учирдаг байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний үргүй зардал гарч байгаа талаар судалгаанд дурдсан байсан.

Харин “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлснээр иргэд болон төсөвт учирч буй дээрх төгрөгийн үргүй зардлыг бууруулах боломж бүрджээ.

“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд нийт 87 веб сервисийг хөгжүүлсэн нь тэдгээр 496 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоогоор төрийн 31, банк санхүүгийн 25 байгууллага гэх зэргээр нийтдээ 86 байгууллага “ХУР” системд холбогдож хандах эрх олгогдоод байнаӨнгөрсөн хугацаанд нийт 15 сая гаруй удаа мэдээлэл солилцох хүсэлтийг боловсруулж, хариу илгээжээ.

Нийгмийн даатгалын үйлчилгээнд инновац нэвтрүүлсэн тэргүүн туршлага

Инновац нэвтрүүлэхийн гол ач холбогдол нь үйлчлүүлэгч талынхаа цагийг хэмнэх, үйлчилгээ үзүүлж буй талдаа шуурхай, ил тод байдлыг хангах, цаашдын үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглах дата мэдээлэл бүрдүүлэхэд оршдог.

Нөгөө талаас инновац нь зөвхөн програм нэвтрүүлэх асуудал биш тухайн байгууллагын үнэт зүйл, алсын харааны түвшинд үйлчилж байж үр дүнгээ өгдөг ажээ. Харин үүнийг амжилттай хэрэгжүүлсэн жишээ нь Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс юм.

Тус байгууллага нь 2017 онд үйл ажиллагаандаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, 2018 онд Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл (government process reengineering) хийж түүнийгээ 2018, 2019 онуудад шат дараатайгаар инновацид суурилсан цахим засаглалийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Ингэснээр Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэн олон хүн дамжихгүйгээр 1 албан хаагчаас л бүх үйлчилгээгээ авах боломжтой болжээ.

Дээр нь энэ төрлийн үйлчилгээ авах гэж заавал өөрөө биеэр хөөцөлддөг байдлыг өөрчилсөн нь сонирхолтой. Одоо тэнд шуудан, call center, цахим хуудас гар утсаараа дамжуулж үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс гадна CRM, ERP зэрэг том том компаниудын үйл ажиллагаанд л дуулддаг системүүдийг нэвтрүүлснээр тус хэлтсийн үйл ажиллагааны дата үүсч, түүндээ тулгуурлан төрийн үйлчилгээ, шийдвэрийг хиймэл оюун ухаанд түшиглэн хийх боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Энэ сайн туршлагуудаа ч төрийн захиргааны бусад байгууллагуудтай хуваалцдаг бөгөөд тэднийхээс илтгэл, мэдээлэл, сургалт хийсэн авсан газар 200 дөхжээ.

2019 оны 11-р сард Орхон аймагт зохион байгуулагдсан “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” хэлэлцүүлэг форумд хэлтсийн хамт олон өөрсдийнхөө туршлагаас мөн хуваалцсан. Харин энэхүү ажлыг Монгол улсын Төрийн Албаны Зөвлөлөөс онцгойлон дэмжиж, НҮБ-ын Төрийн Албаны Шагналд нэр дэвшүүлэхийг зөвлөсөн билээ.

Хүн ам цөөтэй, далайд гарцгүй орон хувьд олон улсын эдийн засгийн уламжлалт харилцаанд байнга сул талтай байж ирсэн байдаг. Харин “Аж үйлдвэрийн IV хувьсгал” бидэнд энэхүү сул талаа дауу тал болгон хувиргах боломжийг нээж өгч байгаа билээ. Харин энэхүү хувьсгалд Монгол улсын бэлэн байдлыг хангах тал дээр төрийн захиргааны байгууллагууд амжилттай ажиллаж, манлайлж байгаа нь сайшаалтай.

 

Энэхүү эхийг Lead Mongolia - 2019 оны Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран бэлтгэв. Та энэхүү нийтлэл таалагдсан бол #БидэндҮйлчилсэндБаярлалаа #ThankYou4YourService #LeadMongolia хаштагтайгаар хуваалцана уу.