Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Ардын болон эцэг, эхийн хайр, эх орныг магтан дуулсан дуунууд нь сэтгэлд эерэг долгион үүсгэж, дархлааг сэргээдэг"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас тогтмол хугацаанд эрүүл мэндийн дасгал, зөвлөгөөг хүргэсээр байна.

Энэ удаад иог, бясалгалын багш Д.Гантөгс хэрхэн эерэг долгион үүсгэн, бие болон сэтгэлийн дархлаагаа өндөр байлгах талаар зөвлөсөн юм.

Бичлэг:
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/863730927438868/

Иог, бясалгалын багш Д.Гантөгс "Цаг агаарын нөхцөл байдал хүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлдөг. Учир нь энэ бүхэн долгион юм. Гараг ертөнц дээр мэдээлэл, энерги л оршин байдаг гэж үздэг. Харин тэрхүү мэдээлэл нь долгионоор дамжин бидэнд хүрдэг. 

Орчин үеийн эрдэмтэд, шинжлэх ухааны судлаачид долгионы давтамжийг зөв байлгах хэрэгтэйг онцолж байна. Харин зөв болгохын тулд эерэг долгион үүсгэх зарим зан үйлийг дадал болгох учиртай.

Тухайлбал, ардын дуу болон эцэг, эхийн хайр эх орныг магтан дуулсан дуунууд нь сэтгэлд эерэг долгионыг үүсгэж, дархлааг сэргээдэг. Эсрэгээрээ рок урсгалын дуу сонсох нь түгшүүр үүсгэж, дархлааг унагаадаг" гэлээ. 

Тэрбээр мөн эерэг долгионыг бий болгохын тулд УМ тарнийг дуудаж болно хэмээн зөвлөлөө. Учир нь УМ хэмээх тарнийг дуудах үед гарч буй долгион нь хүний сэтгэл амар амгалан байхад ялгардаг долгионтой ижил байдаг аж. 

Энэхүү тарнийг дуудахад шашны үйл хийж буй санагдаж байвал зөвхөн авиануудыг дуудах боломжтой. Жишээлбэл,

  • А авиаг уртаар дуудахад хүйснээс доод хэсэгт орших эд эрхтэнд нөлөөлснөөр идэвхжиж, эрүүлждэг. 
  • У авиаг уртаар дуудахад цээж хэсэгт долгион үүсэн эергээр нөлөөлнө.
  • М авиаг уртаар дуудахад хоолойноос дээш толгой хэсэгт эерэг долгион үүснэ.

Ингэхдээ нэг авиаг хоёр минут орчимд дуудах буюу нийтдээ таван минутын хугацаанд энэхүү дасгалыг хийснээр өдрийн турш бие болон сэтгэлийн дархлаагаа өндөр байлгах боломжтой хэмээн иог, бясалгалын багш Д.Гантөгс зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.