Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Stimulus Package буюу Идэвхжүүлэх багц - 2

ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ сэдвээр өмнөх нийтлэлээ бичсэнээс минь хойш COVID-19 халдвар тархалт улам гаарч, дэлхийн эдийн засгийн хямрал улам бодит аюул болж байна. 

АНУ-ын Холбооны нөөцийн банкны Сэнт Луйс салбарын ерөнхийлөгч Жэймс Буллард ажилгүйдэл 30%-д хүрч болзошгүй байгааг санууллаа. Хөгжингүй орнуудын засгийн газруудын идэвхжүүлэх багцын хэмжээ 2 их наяд долларыг давлаа. Өвчний хорионоос шалтгаалан орлогогүй болсон иргэдийн байрны төлбөрийг төлөх, мөнгөн тэтгэмж өгөх, жижиг бизнес эрхлэгчдэд тусламж үзүүлэх арга хэмжээ нэмж авсаар байна. Германы Засгийн газраас компаниуддаа хязгааргүй зээлийн шугам нээхээ амлалаа.

Гэтэл манай улсын эрх баригчид эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хэлснээр дэмжлэг үзүүлсэн дүр үзүүлсээр сууна. Эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой. Хэрэглээний зээлийн төлбөрийг 3 сар хойшлуулна, зээлийн ангилал бууруулахгүй гэж ярихаас өөр хүмүүст итгэл төрүүлэх юу ч хийсэнгүй. 

Зээл төлөхийг хойшлуулсаар эдийн засгийг идэвхжүүлэх үү? Би эргэлзэж байна.

1977 оны инженер-эдийн засагч Ч.Улаан сайд ноолуурын сезон эхэлж байгаа тул түүхий ноолуур худалдан авахад зориулж 300 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй зээл өгнө, ноолуурын үнийг 100,000-аас буулгахгүй гэнэ. Энэ бол нэгдүгээрт, сонгогчдын талыг бүрдүүлдэг малчдын саналыг авах зорилготой, сонгуулийн авилгын хэлбэр бөгөөд дахин сонгогдох заль гэдгийг бид гадарлалгүй дээ. Арай өөр, шинэ юм сэтгэж болдоггүй юм уу?

Хоёрдугаарт, Монголын ноолуурын 75%-ийг худалдан авагч БНХАУ, Итали маань ноолуур бодохтой манатай байгаа. Гол хэрэглэгч барууны орнууд энэ жил тансаг хэрэглээ болох ноолуур байтугай даавуун цамц авч чадахгүй гэртээ хоригдож байгааг тооцож үзсэн болов уу? Орлого нь хэвээр үү? Наадмаар ноолуурын үнэ 20,000 төгрөг болохыг үгүйсгэх аргагүй. Үнэтэй ноолуур дарсан "Говь" компани болон ноолуурын бусад үйлдвэр маань өрсөлдөх чадваргүй болж, дампуурах юм бүү болоосой.

Өвчний хорионд өртөөгүй малчид, зөвхөн нэг салбарыг дэмжих бодлогод 300 тэрбумыг төр засгаас зарцуулах юм байна. Тэгвэл татварын орлогыг бүрдүүлдэг ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, ажлын байрыг нь хадгалж үлдэх бодлого хаана байна вэ? Тийм хүсэл алга, эсвэл тэрнийг санаачилж хэрэгжүүлэх мэдлэг алга.

Коронавирусээс үүдсэн хямралын бусдаас ялгагдах онцлог нь эдийн засаг дахь гинжин хэлхээ тасарснаас болсон тул хэрэглээг урамшуулах замаар мөнгөний урсгалыг сэргээх, хурдасгах арга хэрэгсэл хамгийн тохиромжтой юм.

Эдийн засгийг Идэвхжүүлэх багцыг хэрхэн яаж хэрэгжүүлэх боломжтой талаар би өөрийн саналыг өмнө бичсэнээ арай боловсронгуй 2.0 хувилбар болгон хүргэе. 

  • Ханиадны тархалтыг зогсоох гэж нойр хоолгүй зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч, цагдаа, хилийн алба, онцгой байдлын ажилтнуудаа 3 сарын цалингаар урамшуулъя. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн мах, сүү, цагаан идээ, гурил, гоймон, өндөг, талх боорцог, төмс ногоо авдаг карттай болгоё. Орлого багатай ахмадууд, ХБИ, өрх толгойлсон эцэг эхчүүддээ ч карт өгье. Үсчин, засварчин, фитнесийн төлбөр, янмал оймс, утаагүй түлш, байр, цахилгааны төлбөр, байшингаа засах хөнгөн блок, цементээ ч аваг. Монгол дотроо эргэлддэг зүйлд мөнгөө зарцуулъя. Дотоодын үйлдвэрээ давхар дэмжье. Тэгвэл жинхэнэ эдийн засгаа агшихаас хамгаалах, ажилгүйдэл ихсэхээс сэргийлэх бодлого болно. Зардал нь 620 тэрбум.
  • Хорионоос шалтгаалан орлогогүй болж байгаа ЖДҮ, бизнес эрхлэгч нартаа 2019 онд төлсөн ашгийн татвар 100%, НДШ-ийн 50% буцаан олгоё. Харин ажлын байраа цомхотгохгүй байх амлалтаа өгөх учиртай. Энэ тал дээр нарийн тоо олох гээд чадсангүй. Ойролцоогоор нэг их наяд. Хаанаас энэ мөнгийг олох талаар урьд нь бичсэн тул тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Улсын нэгдсэн төсөв дээрх хэрэггүй зардал зөндөө бий. Төсвөө тодотгох л хэрэгтэй байна.
  • Түүнчлэн мөнгөн тусламжийг мэдээж нэг дор өгөхгүй. Харин он дуустал сар тутам, тогтмол дүнгээр хувааж өгөх нь илүү үр дүнтэй. Энэ бүх гүйлгээ зөвхөн Монголдоо эргэлдэж, гадагшаа доллар болоод урсаад явчихгүй байлгахын тулд зөвхөн дотоодын бараа, ажил, үйлчилгээ авах эрхтэй "Хэрэглээнд" зориулагдсан карт, түүн дотор төгрөгтэй ижил үнэ цэнтэй виртуаль төлбөрийн нэгж Монголбанк, Сангийн яам хамтран гаргаж болно. Үүнийг хуулийн хүрээнд төсвийн тодотгол хүлээлгүйгээр хурдан гаргах боломжтой. Карт болон түүний нэгжийг бараагаа зарсан компани ханган нийлүүлэгчдээ "Хэрэглээ" нэгжээр төлбөр хийх ба улсад төлөх татвар, НДШ-ээ төлж болно. Дансны үлдэгдэл дүнгээс сар бүр 1% татвар суутгах тул хурдан хэрэглэх хандлагатай байх ба бусдын бараа үйлчилгээг дэмжиж, мөнгөний эргэлтийг түргэсгэнэ. Мөнгөний нэмэлт урсгал бизнес бүрийг тэтгэж явсаар хамгийн сүүлд татвараар төсөвт цуглах тул төсөвт нэмэлт орлого болох талтай.

Ийм төрлийн төлбөрийн хэрэгсэл ашиглаж байсан туршлага байгаа.

Дэлхийн их хямралаас шалтгаалан ажилгүйдэл 40% болж, үйлдвэр бүрэн зогссон Австрийн жижигхэн Вёргл хот 1932-1933 онд өөрийн төлбөрийн хэрэгсэл гарган туршиж ажилгүйдлээ алга болгосон, бүх үйлдвэр, үйлчилгээг сэргээсэн сонирхолтой түүх байна. Түүгээр ч зогсохгүй хотын хүмүүс ирэх жилийн татвараа урьдчилан төлж, зам гүүр барих хөрөнгийг санхүүжүүлжээ.

Тухайн төлбөрийн хэрэгсэл хэрэглээг дэмжих, мөнгөний эргэлтийг хурдасгах гол зорилготой байсан тул сард 1%-ийн татвартай, Австрийн шиллинг рүү хөрвүүлэх бол 10% татвар авдаг байжээ. Сар тутам 1%-аар үнэ цэнэ буурах тул хүмүүс аль болох хурдан бусдын бараа, үйлчилгээг худалдан авч хэрэглэж байсан тул мөнгөний эргэлт эрс хурдсаж, эдийн засгийн хямралаас гарсан байна.

Монголбанкны төлбөр тооцооны RTGS систем, банк хоорондын картын системд ийм нэгж бүхий карт давхар ашиглах боломжтой эсэхийг мэргэжлийн хүмүүс хариулах биз. Би энэ талаар мэдлэг хомс. Цөөн хүн амтай улс, мэдээллийн технологийн хөгжлийн давуу талыг бид одоо л ашиглах хэрэгтэй байна.

 

Австралийн Үндэсний их сургуулийн магистр, Хөгжлийн эдийн засагч, Ц.Лут-Очир