Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид эдийн засгаа тахлаас аврах $2 их наядын хөтөлбөр дээр санал нэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Сенат болон Цагаан ордны удирдагчид тус улсын түүхэнд урьд өмнө хэрэгжиж байгаагүй эдийн засгийг тэтгэх томоохон хөтөлбөр дээр санал нэгдсэнээ саяхан зарлалаа.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн Сенат дахь хоёр намын төлөөлөл болон гүйцэтгэх засаглалынхан коронавирусийн тахалд нэрвэгдсэн эдийн засгаа аврах нийт $2 их наядын дүнтэй хөтөлбөрийг өдөр, шөнөгүй хэлэлцсэн юм.

Бүгд Найрамдах болон Ардчилсан намууд ерөнхий хөтөлбөр дээр санал нэгдэж байсан ч хөрөнгө мөнгийг хааш чиглүүлэх тал дээр зөрүүтэй байр суурьтай байв.

Хөтөлбөрийн хүрээнд нийт $500 тэрбумыг хамгийн хүнд цохилт амссан эдийн засгийн салбаруудыг аврахад зарцуулах бол АНУ-ын айл өрхүүдэд $3,000 хүртэл хэмжээтэй нэг удаагийн тэтгэлэг олгохоор болж байгаа.

Мөн $350 тэрбумыг жижиг бизнесийн зээлд зарцуулах бол ажилгүйдлийг бууруулах чиглэлд $250 тэрбум, эмнэлгүүдийн хүчин чадлыг сайжруулахад $75 тэрбумыг зарцуулахаар болжээ.

Өнөөдөр АНУ даяар нийт 50,000 гаруй хүн шинэ коронавирусийн халдвар авч, 700 шахуу хүн нас бараад байна.

АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь буюу 100 сая гаруй хүн хөл хорионы дэглэмд шилжсэнээс эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа юм.

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн тахлын дараагийн төв АНУ болох магадлалтай байгааг анхааруулсан.

Эдийн засгийг тэтгэх аварга хөтөлбөрийг өнөөдөр АНУ-ын конгресс хэлэлцэж дэмжсэний дараа ерөнхийлөгч Дональд Трампын ширээн дээр батлуулахаар хүргэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.