Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Төрийн албаны шагналд 2019 он хүртэл Монгол Улсаас нэр дэвшүүлээгүй байна

ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төрийн Албаны Шагнал (НҮБТАШ) нь орон нутгийн, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд төрийн албаны төгөлдөршлийг дэмжиж, урамшуулдаг шагнал юм.

Энэ шагнал нь төрийн үйлчилгээний хүртээмжийг улам сайжруулах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 2003 оноос олгож эхэлсэн. 2030 оны Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр 1 (ТХЗ 2030), түүний тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБТАШ нь төрийн үйлчилгээний хүртээмж, төрийн албаны институцын үр ашиг, ил тод байдал, бүх нийтийн оролцоог хангах зэрэг тал дээр гаргасан бүтээлч, шинэлэг шийдлийг дэмжиж алдаршуулах түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг.

2019 оны НҮБ-ын Төрийн Албаны Шагналд 72 орны 523 номинац нэр дэвшсэнээс 11 улс/кейс шалгарсан. Тэдгээр нь Аргентин, Австрали, Австри, Бразил, Чили, Коста Рика, Индонез, Кени, Португал, Өмнөд Солонгос, Тайланд орнууд байжээ.

Жишээлбэл, ахуйн цэвэр ус томоохон асуудал байдаг Кени улсын Ус ба эрүүл ахуйн яам Water Sector Trust Fund санхүүгийн санаачлагыг хэрэгжүүлснээр 250 мянган иргэнийхээ ундны цэвэр усны асуудлыг шийдэж чадсанаар тус шагналыг хүртсэн байна2. Харин 2016 оны Сирийн дүрвэгсдийн хямралд өртсөн орнуудын нэг Австри улсын засгийн газраас дүрвэгч эмэгтэйчүүд дундаас ур чадвартай ажилчдыг үнэлж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тус шагналын болзлыг хангажээ3.

Lead Mongolia хөтөлбөрийн 2019 оны Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багийн санаачлагаар 2019 оны 11-р сард Орхон аймагт зохион байгуулагдсан “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумын үеэр Төрийн албанд хэрэгжиж байгаа тэргүүн туршлагуудыг Төрийн албан хаагчид хоорондоо хуваалцсан. Улмаар тус форумыг жил бүр тогтмол зохион байгуулж, тэнд яригдсан тэргүүн туршлагуудыг НҮБ-ын төрийн албаны шагналд нэр дэвшүүлж байх зөвлөмж гарсан билээ.

Хэдийгээр Монгол Улсын төрийн албанд үйл ажиллагаагаа сайжруулсан олон жишээ, туршлага хэрэгжсээр байгаа ч 2019 он хүртэл НҮБ-ын Төрийн албаны шагналд хүртэл Монгол Улсаас нэр дэвшүүлээгүй байсан юм.

Тус шагнал нь НҮБ-ийн гишүүн орнуудын бүх шатны төрийн байгууллага, албан газруудад нээлттэй бөгөөд хэн ч тус шагналд нэр дэвших боломжтой. Цаашид Монгол Улсаас олон кейс тус шагналд нэр дэвшиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөн, туршлага хуваалцах боломж олгох үүднээс тус шагналын тухай товч мэдээллийг хүргэе.

ШАГНАЛЫН ЗОРИЛГО

Төрийн албаны чиг үүрэг, мэргэжлийн чанар, мэдрэгдэцийг сайжруулах даян дэлхийн үйл хэрэг болохын хувьд НҮБТАШ нь дараах зорилгыг баримтлан ажилладаг нь:

  • Засаглалын инновацыг онцлох
  • Төрийн албаны тэргүүллийг урамшуулах
  • Инновацийг тасралтгүй хийх сэдлийг төрийн албаныханд төрүүлэх
  • Төрийн албаны мэргэжлийн чанарыг сайжруулах
  • Төрийн албаны нэр хүндийг өсгөх
  • Өөр газар хэрэглэж болох амжилттай туршлагыг цуглуулж, түгээн дэлгэрүүлэх

Улмаар “Нийгэмдээ үйлчлэхийн үнэ цэнэ, алдар гавьяаг тэмдэгдэх” зорилгоор Ерөнхий Ассемблейгаас НҮБ-ийн Төрийн албаны өдөр болгон зарласан (A/RES/57/277) 6-р сарын 23-ны өдөр энэхүү шагналыг гардуулдаг.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

  • Уг Шагнал нь НҮБ-ийн гишүүн орнуудын бүх шатны төрийн байгууллага, албан газруудад нээлттэй бөгөөд иргэний нийгэм, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран оролцох нөхцөлд гол нэр дэвшигч нь төрийн байгууллага байх шаардлагатай.
  • Өөрөө нэр дэвшүүлэх эсвэл аливаа гуравдагч этгээд нэр дэвшүүлэх байдлаар оролцох боломжтой. Өргөдлийг тодорхой байгууллага гаргана.
  • Нэр дэвшүүлж буй санаачлага нь шинэлэг шинэ туршлагыг нэвтрүүлсэн байх ба НҮБТАШ-ын ангиллын4 аль нэг бүлэгт хамаарах ёстой.
  • Санаачлага нь доод тал нь 2 жилийн хугацаанд хэрэгжсэн байх буюу үр нөлөө нь тодорхой баримтжуулалтаар баталгаажсан байна.
  • Сонирхлын зөрчлөөс ангид байх үүднээс санаачлагыг НҮБ-ын аливаа байгууллага хэрэгжүүлээгүй байх ёстой.

АНГИЛАЛ

Таван ангилалаар тус шагналд нэр дэвшүүлж болдог. Ангилал тус бүрт ирүүлэх өргөдөл нь ТХЗ 2030-ын хүрээнд байх бөгөөд тухайн санаачлага нь ТХЗ-д нийцсэн, эерэг өөрчлөлтийг харуулсан, тогтвортой үр нөлөөг үзүүлж, оролцогч талуудын оролцоог хангасан шинэлэг санаачлага байх ёстой.

Ангилал 1: Хүртээмжтэй, тэгш үйлчилгээг үзүүлэх

Хүртээмжтэй, тэгш үйлчилгээг үзүүлэх гэсэн уг ангилалд бүх нийтэд, тэр дундаа ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх шинэлэг санаачлагыг танилцуулна. Хүртээмжтэй, тэгш үйлчилгээг үзүүлэх нь гэсэн уг шаардлага нь төрийн алба иргэдэд үзүүлэх үйлчилгээний нөхцлөө сайжруулах, дэвшилт гаргах замаар төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх шаардлагыг тавьдаг. Хүртээмжтэй, тэгш, нэгдмэл бөгөөд ялгаатай байдлыг харгалзах зарчмууд нь хүн төвтэй үйлчилгээний цөм юм.

Ангилал 2: Тогтвортой хөгжилд чиглэсэн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх

Төрийн бодлогод уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх хууль, тогтоомжийн өөрчлөлтийг хийсэн байх нь уг ангиллын шаардлага юм.  Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг хурдасгахад ТХЗ-ын хоорондын харилцан хамаарал, нэгдсэн бодлого болон хөгжлийн төлөвлөгөөг онцлон авч үзэх нь чухал ач холбогдолтой. Үүнд чиглэсэн хууль эрхзүйн орчинг бий болгох нь хамтын ажиллагаа болон хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр давхардал бий болгох эсвэл зөрчилдөөн бүхий бодлого, төлөвлөгөө гаргах эрсдлийг бууруулах юм.

Ангилал 3: Ил тод, хариуцлагатай төрийн албыг хөгжүүлэх

Уг ангилал нь төрийн албанд зөвхөн ил тод, хариулагатай байдлыг дэмжээд зогсохгүй хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх байдлаар тэднийг чадавхижуулах зорилготой. Санаачлага нь хүмүүсийн мэдээлэл авах эрх, иргэний оролцоо, тэр дундаа төрийн алба болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанд хяналт тавьж, ил тод мэдээлдэг байх тогтолцоог бий болгоход чиглэх ёстой.

Англилал 4: Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлэх

Төрийн албаны менежментийн шинэчлэлд одоо үйлчилж буй болон цаашид шинээр нэвтрэх дижитал технологийг ашиглах санаачлага нь уг ангилалд хамаарна. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн хиймэл оюун ухаан, нээлттэй дата, том дата, аналитик, блокчэйн, машин ой санамж, үүлэн технологи зэрэг шинэлэг бодлогын болон тогтолцооны өөрчлөлтийг нэвтрүүлэх санаачлага нь уг ангилалд хамаарна. Аливаа засаглалын асуудал, түүнд хамаарах эрсдлийг багасгахын зэрэгцээ нийтийн албаны үнэлэмжийг нэмэгдүүлэхэд технологийг ашиглах төрийн бодлогыг дэмждэг.

Англилал 5: ТХЗ-д хүрэхэд жендерийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээг дэмжих

Охид, эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээг харгалзсан шинэлэг санаачлага бүхий төрийн үйлчилгээг уг ангилалд хамааруулдаг. Ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад жендерийн мэдрэмжтэй төрийн албаны үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр үйлчилгээ нь хууль, тогтоомжийн өөрчлөлт, бүтцийн шинэчлэл болон захиргааны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хэрэгждэг. Санаачлага нь төлөвлөлт, төсөв, хэрэгжүүлэлт болон мониторинг, үнэлгээний бүхий л үе шатанд охид, эмэгтэйчүүдийн оролцоо, чадавхийг нэмэгдүүлэх, жендрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://publicadministration.un.org/en/unpsa

 

Энэхүү эхийг Lead Mongolia - 2019 оны Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран бэлтгэв. Танд энэхүү нийтлэл таалагдсан бол #БидэндҮйлчилсэндБаярлалаа #ThankYou4YourService #LeadMongolia хаштагтайгаар хуваалцана уу.

 

12015 оны 9 сард Нэгдсэн үндэстний байгууллагын бүх гишүүн орнууд “Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030”-ыг 17 зорилт бүхий баталсан. Дэлгэрэнгүй https://sustainabledevelopment.un.org/post2015/transformingourworld

4Өргөдөл илгээсний дараа ангиллыг ямар нэг байдлаар өөрчлөх боломжгүй тул нэр дэвшүүлж буй этгээд нь аль ангилалд өргөдөл гаргах эсэх шийдвэрээ тухайн ангиллын шалгуур, шаардлагыг анхааралтай судлаж гаргах шаардлагатай.