Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг өнөөдөр/2020.03.25/ хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж Улсын дээд Шүүхээс мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүхээс түүнд 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээлээ.