Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурал хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

Замын-Үүд хилийн боомтоор өнөөдөр Монголын 30 иргэнээ татан авах ажлыг зохион байгуулж байна. Мөн тооны жолооч нарыг татаж авах бөгөөд энэ үеэр иргэн, машин техникийг бүгдийг нь дүрэм журмын дагуу халдваргүйтгэж байгаа аж.

БНХАУ-аас мөн өнөөдөр тодорхой тооны оношлуур, амны хаалтыг олгож байгаа бөгөөд ОБЕГ тусламжийг хүлээн авахаар хил рүү хөдөлсөн гэдгийг тэрбээр хэлээд дараах анхааруулгыг өглөө.

"Тусгаарлах байрнаас гарсан хүмүүс гэртээ дахиад 14 хоног байхыг зөвлөж байгаа. Өвдсөн хүмүүс 28 хоног дэглэм сахина. Энэ тал дээр иргэд хариуцлагатай байгаарай. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөрийг үр дүнгүй болгомооргүй байна. 

Түүнээс гадна энэ хугацаанд ААН, төрийн байгууллага тусгаарлагдсан энэ хүмүүсийн ар гэрийнхнийг ойлгож, ажлыг нь зохицуулаарай. Яагаад гэвэл тусгаарлалтаас гарсан хүмүүс хариад гэрийнхэнтэйгээ хамт байх тул тэр хүмүүс шууд ажилдоо очих боломжгүй. Аль болох ар гэрийнхнийг нь гэрт нь байлгахад анхаараач ээ.

Мөн тусгаарлагдсан хүмүүсийг ажлаас халах тухай санал гомдол ирж байгаа. ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй. Тусгаарлах байрнаас гарахад нь бид 14 хоног тусгаарласан гэсэн тодорхойлолтыг өгч байгаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул зөв талаас нь ажиллаарай гэдгийг хэлье" гэлээ. 

Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх хүмүүс ирж байна. Орхон аймагт тусгаарлах байрны багтаамж дүүрч байгаа тул дараагийн тусгаарлах байруудаа бэлдэж буй бөгөөд төлбөр төлөлтийн тухайн жигдэрч, зөрчилгүй болсныг хэллээ.

Эцэст нь тэрбээр иргэддээ хандаж "Урьдчилан сэргийлэх энэ ажлыг эхнээсээ дэг журамтай хийгээд явж байна. Гэтэл сүүлийн үед хүмүүсийн эрч нь сулраад гадуур их яваад байна. Эхэлсэн бол төгсгөлийг нь үзтэлээ хариуцлагатай байж, халдварыг хор хөнөөлгүй давах ухамсар бидэнд байгаа тул анхаарлаа битгий сулруулаарай. Та өөрийгөө хамгаалж чадвал бид хамгаалж чадна" гэлээ. 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.