Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Зайнаас харьцаж байж л халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг ДЭМБ-аас хэлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.m

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаарх нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

 

"Шинэ Зеланд улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсад улсын хэмжээнд хөл хорио тогтоожээ. ЭМ-ийн сайд нь мэдээлэхдээ халдварын  тоо сүүлийн 14 хоногт өсөх магадлалтай байгаа тул зайнаас харьцаж, халдварын тархалтыг бууруулах боломжтой тул арга хэмжээнүүдийг сахихийг ард иргэдээсээ хүссэн байна" гэдгийг тэрбээр хэлэв. 

Түүнчлэн "Австрали улс зайнаас харьцах арга хэмжээгээ илүү чангатгаж эхэлсэн. Тухайлбал, 4 метр квадратад нэг  хүн ногдох байдлаар зай барьж харьцахыг анхааруулсан. Энэ нөхцөл байдал зургаан сар үргэлжлэх байдалтай байгааг сайд нь ард иргэддээ анхааруулсан бөгөөд халдварын тархалт энэ эрчээрээ нэмэгдсэнээр байгаа тохиолдолд эмнэлгийн ор, эрчимт эмчилгээний тасаг хүрэхгүй байгааг мэдэгджээ.

АНУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй өсөж, нас барсан хүмүүсийн тоо ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас мэдээлэл хийхдээ шинээр бүртгэгдсэн халдварын 85 хувь нь европийн бүс болон АНУ-д ногдож байгааг хэлээд АНУ халдварын голомтын цөм болж болзошгүйг анхааруулсан.

Зарим улсад эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, хамгааллын хувцсыг дутаахгүй байх зорилгоор  яаралтай бус, амь насны заалтгүй, төлөвлөгөөт  мэс ажилбаруудыг цуцлах шийдвэр гаргаж ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 2.5 тэрбум хүн шинэ коронавирусийн халдварын улмаас хөдөлгөөний хязгаарлалтад орсон байна.

Дэлхийн хэмжээнд халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан ДЭМБ-аас зайнаас харьцах гэдэг нэг л мессежийг өгч байж, халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг хэлж байна" хэмээн ярилаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.