2020/06/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
17°
|
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
20°
13:00
S26
21°
14:00
S30
23°
15:00
S26
25°
16:00
S30
25°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S30
23°
20:00
S26
21°
21:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Мөнх-Эрдэнэ: COVID-19 бидэнд эдийн засгийн асар их боломж өгч байгаа ч харамсалтай нь ашиглаж чадахгүй байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг

COVID-19 халдварын нөлөөгөөр олон улсын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд 30-50 хувиар буурсан нь 2008 оны хямрал, 1987 оны уналтаас хойших хамгийн хүчтэй уналтад тооцогдож байна. 

Энэ үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Монгол Улсын нөхцөл байдлын талаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал, эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 



-Дэлхийн томоохон гүрнүүд шинэ коронавирусийн халдварын нөлөөнд доргиж буй эдийн засгаа аврахаар маш их хэмжээний мөнгө гаргахаар шийдвэрлэж байна. АНУ л гэхэд 2009 оны хямралын үед авсантайшаа ижил арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Энэ бүхэн хямрал бодитой нүүрлэж байгааг илтгэж байна уу?

-Гуравдугаар сар хүртэл бүх анхаарал БНХАУ руу чиглэж байсан бол одоо АНУ, Европ руу шилжсэн. Улс орнууд өөрсдийнх нь эдийн засагт бодитоор нөлөөлөөд эхлэхээр сангийн болон мөнгөний тэлэх бодлого маш хүчтэй хэрэгжүүлж эхэлж байна. Ганцхан сарын дотор 36 улсын төв банк бодлогын хүүгээ бууруулсан. АНУ л гэхэд бодлогын хүүгээ 1.75-аас 0.25 хувь хүртэл бууруулсан бөгөөд хоёрхон хоногийн өмнө эдийн засгаа дэмжих үүднээс банкуудаас үнэт цаасыг хязгааргүй хэмжээгээр авах шийдвэр гаргачихлаа. 

Европын төв банк л гэхэд 750 тэрбум еврогийн үнэт цаасыг мөн худалдан авахаа мэдэгдсэн бол Герман ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр санхүүгийн зах зээлээс үнэт цаас авна гэхчлэн ЖИ-7-ийн орнууд бүгд мөнгөний болон сангийн тэлэх бодлого явуулж байна. 

Энэ бол 2009 оноос хойш үргэлжилсэн дэлхийн өсөлттэй зах зээл дуусаад цаашдаа 2-3 жилийн хугацаанд унах, муугаар яривал хямрал руу орох эрсдэл байгаа тул тэрний эсрэг арга хэмжээ авч байна гэдэг мессежийг зах зээлд өгч буй юм. 

-Харин манайд төв банк зарим нэг шийдвэр гаргасныг эс тооцвол Засгийн газар төсвөө тодотгохгүй гэдгээ мэдэгдсээр байгаа. 

-Манай нөхцөлд төв банк байж болох арга хэмжээгээ бүгдийг нь авчихлаа гэж харж байна. Энэнээс илүү мөнгөний тэлэх бодлого явуулах боломж маш хязгаарлагдмал.

Ийм үед Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа нь нэг талаараа Засгийн газрын зардлыг танахгүй байх замаар эдийн засагтаа сангийн бодлогоо хумихгүйгээр хэвээр үргэлжлүүлэх буюу алдагдлаа хүлээгээд зардлаа танахгүй байя гэж байгаа юм болов уу. Өөрөөр хэлбэл, нэгэнт сангийн бодлогоо тэлж чадахгүй юм чинь танаад яах вэ гэж байгаа бололтой. 

-Төсөв тодотгох нь төсвөө танах биш зардал нэмэх байшин барилгынхаа нэн шаардлагатай бус зардлаа болиод шаардлагатай зүйлд зарцуулахыг шаардаж байгаа ч Засгийн газар гүрийсээр байгаа. Гэтэл 200-250 мянган хүн ажлын байргүй болох дээрээ тулаад байгааг МҮХАҮТ судлаад хэлж байгаа. Хариуд нь гурван сарын хугацаанд зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ талаар та хэрхэн дүгнэж байна вэ?

-Уг шийдвэрийг харахаар хугацааг нь хойшлуулж байгаа болохоос биш чөлөөлж байгаа зүйл харагдахгүй байна. Журамд өөрчлөх буюу захиргааны арга хэрэглэснээс биш энэ бол эдийн засгийн арга биш. Тиймээс бодит дэмжлэг болж чадахгүй байна л даа. Харин төсөвт суусан зардлуудаа эргэж хараад нэг барилга барих мөнгийг илүү олон хүний ажлын байрыг хадгалахад зарцуулах хэрэгтэй байна.

Жишээ нь, Америкт ажилгүйдэл 30%-д хүрч магадгүй байгааг төв банкных нь өндөр албан тушаалтан хэлж байна. Америк ингэж санаа зовж эхэлж байхад бид аль болох шийдлүүдээ хурдан олох хэрэгтэй. Ажлын байраа алдах эрсдэлтэй зорилтот бүлгээ тодорхойлоод тийш төсвөөсөө дахин хуваарилалт хиймээр байна.

Бусад орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол цалин их, бага нь хамаагүй хүмүүсийг яаж ажилтай нь байлгах вэ, ажилгүйдлийг яаж нэмэхгүй байх вэ гэдэг бодлого.Тэгэхээр коронавирусийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний салбарынхандаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байгаа бол одоо тэр цаг нь ирээд байна.

-Таны харж байгаагаар бидэнд ямар гарц байна вэ. Нэгэнт сангийн бодлогоо тэлэх нөөц боломжгүй, мөнгөний бодлогоо тултал ашигласан гэж үзэж байгаа бол цаашид эдийн засгаа хэрхэн дэмжих вэ?

-Засгийн газрын түвшинд л асуудлыг шийдэх гарц байх боломжтой гэж харж байна. Манай эдийн засаг асар тодорхой, жижигхэн учраас унахдаа ч амархан, өсөхдөө ч амархан. Тиймээс зөв ажиллаж чадвал манай улсын хувьд тийм ч элгээрээ хэвчих хэмжээнд хүрэхгүй болов уу. 

Тухайлбал, Ерөнхийлөгч урд хөршид очоод хонь бэлэглэхээр болсноо мэдэгдсэн. Хариуд нь Хятадын ерөнхийлөгч Күнзийн сургаалийг эш татсан. Тэгэхээр нөгөө сүр дуулиан болж хийсэн "Эдийн засгийн иж бүрэн стратегийн түншлэл"-ээ одоо л ашигладаг цаг. Монголоос авдаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, ноолуур гэх мэт түүхий эдүүдээ тодорхой хугацаанд тогтмол гаргах, Ардын банктай хийсэн своп хэлцлээ сунгах ажлуудаа амжуулаад авах хэрэгтэй.

-Урд хөрш үйлдвэрлэлээ сэргээлээ гэхэд Хятадаас худалдан авагч орнууд өөрсдөө эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ороод байгаа. Үүнээс үүдээд Хятадын эдийн засгийн өсөлт тааруу байвал бидэнд хэлэлцээ хийгээд боломж байх уу?

-Тийм ээ, ялангуяа Хятадын томоохон худалдан авагч болох Европ хүнд байдалд байна. Хоёрдугаарт, Хятад улс эргээд үүдээ нээж, зорчих урсгал эхлэхэд вирусийн халдвар дахин орж ирэх вий гэсэн айдас байна.

Гэхдээ Хятад бол дэлхийн эдийн засгийн 16%-ийг бүрдүүлдэг, 14 гаруй триллион ам.долларын эдийн засагтай улс. Харин манайх 10 гаруй тэрбум доллар буюу 1,183 дахин жижиг. Тиймээс Хятадын эдийн засаг муудсан ч манайх дэргэд нь өчүүхэн жижиг тул эдийн засгаа тэтгэх тохиролцоог хийх бүрэн боломжтой. Ер нь одоо л төр засаг маань хэн бэ, юу хийж чаддаг вэ, хэр зэрэг ухаантай, ур чадвартай вэ гэдгээ харуулах цаг ирлээ дээ.

-Бидэнд үүсэж буй давуу талуудын талаар ямар бодолтой байна вэ. Тухайлбал, газрын тосны үнэ огцом буураад байна. Түүнчлэн улс орнууд, олон улсын байгууллагуудын эдийн засгийг дэмжих багц бодлогын хүрээнд хандив тусламжууд орж ирж байна. Жишээ нь өчигдөр АНУ-аас 3.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг үзүүлэхээр болсон. 

-Хэрэв Монгол Улс интеграцчилагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн зах зээл, эдийн засагтай, улс төр нь тогтвортой байсан бол гадаадын хөрөнгө оруулагчид доллароо нэг хувиар хадгалж байхаар Монголд 5%-ийн хүүтэй хадгалъя гээд хямд доллар Монголд урсаж орж ирэх ёстой, онолын хувьд. Гэтэл хэн ч Монголд итгэхгүй байгаа учраас ам.доллар орж ирэхүй байна. Ингэхээр долларын хадгаламжийн хүү буурахгүй. Дагаад төгрөгийн хадгаламжийн хүү буурахгүй. Төгрөгийн хадгаламжийн хүү буурахгүй учраас зээлийн хүү буурахгүй байгаа юм.

Тэгэхээр бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх асуудал маш чухал байна. Түүний төлөө хийх ч юм их байна. COVID-19-өөс үүдэн ам.доллар үнэгүй шахуу болж байхад тойргийн гадна талд үлдэх жишээний.

Мөн сүүлийн нэг сарын хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээл 30-50 хувиар уналаа. Эндээс ашиг хийж чадахгүй байна. Алтны ханш цөм өссөн. Эндээс манай дээр алтны гибрид хадгаламж хийсэн харилцагчид маань 25-35 хувийн ашиг хийлээ. Гэтэл масс ашиг олж чадсангүй. Ингээд бодохоор бид дэлхийгээс ямар их алслагдсан байгаа нь тод харагдаж байна. Гадаад зах зээлд гарч ажиллаж сурах чухал байна даа.

-Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал хэр удаан үргэлжилнэ гэж таамаглаж байна вэ? 

-COVID-19-ийн халдварын нөлөө дэлхий бол нэг, эдийн засаг гэдэг хавтгай юм гэдгийг харууллаа. Улс орнууд бие биенийхээ нөлөөнд тодорхой хэмжээнд заавал ордог юм байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарчихлаа шүү дээ. 

Америкт сүүлийн өдрүүдэд халдвар тархалт нэмэгдэж байна. Тэр тусмаа дэлхийн санхүүгийн төв Нью Йорк ийм нөхцөл байдалд орчихоор байдал улам төвөгтэй болж эхэлж байна. 

Европ л гэхэд тархалт дээр Хятад шиг ажиллаж чадахгүй байна. Угаасаа ч боломжгүй. Яагаад гэвэл Хятад гэдэг том газар нутагтай улсад коммунис гэсэн ганцхан команд ажилладаг. Маш хүчтэй, дэг журамтай, хатуу. Гэтэл Европын хувьд Хятадтай тэнцэхүйц газар нутагт 20 гаруй улс байгаа. Үзэл бодол, анагаах ухааных нь хүчин чадал, авч байгаа арга хэмжээнүүд нь шал өөр. Өндөр настан ихтэй бөгөөд эдийн засаг нь Хятадтай харьцуулахад сул. Суларсаар ч байгаа. Тэгэхээр ийм газар халдвар тархах явц Хятад шиг хурдан намжихгүй.

Энэ бүхнийг бодохоор дэлхийн эдийн засаг хурдан унаж байгаа шигээ хурдан сэргэх боломж харагдахгүй байгаа. Дахиад 2-3 жил бид нэг их сайн нөхцөл байдлыг хүлээгээд хэрэггүй болов уу.

-2009 оны хямралаас гарсан хугацаатай харьцуулбал?

-Тэр үед нэг компани дампуураад, цөм доргиод, тухайн үедээ арга хэмжээнүүдээ аваад хяналтандаа оруулж чадсан. Гэтэл энэ удаагийнх хяналтгүй, Америк хүртэл хянаж чадахгүй байна. Хамгийн төвөгтэй нь халдвар шилжээд байгаа. 

Үүнээс гадна вакцин гарах хугацааг 12-18 сар гэж байгаа. Тэрнээс наана юу болохыг мэдэхгүй. Эмүүд туршиж байгаа ч бүрэн шийдэл байхгүй. Вакцин гаргаад болчихлоо гэхэд хүмүүсийн сэтгэл зүй өмнөх шигээ өөдрөг, эрч хүчтэй болох, тэрийгээ дагаад эрэлт нэмэгдэх, эдийн засаг өсөх гэсээр дахиад дор хаяж нэг жил гээд тооцохоор 2-3 жилдээ  сайн зүйл хүлээх боломжгүй л байна л даа. 

Тиймээс эртхэн хэмнэлтийн, зөв тооцоо зарцуулалтдаа ороод явахгүй бол улам хүнд нөхцөл рүү орчих вий гэж айж байна. Хувь хүн, ААН, Засгийн газар гээд бүх түвшиндээ шүү. 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x