Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцална

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа улс орнуудыг нөхцлийг танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ “ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 196 улсад COVID-19 халдварын 375,498 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16,362 хүн өвчний улмаас нас баржээ.

Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг орнуудад өдөрт 1,000-10,000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт  хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд Итали улсад нас баралт 10.3 хувьтай байна.

Испанид сүүлийн гурван хоногт тохиолдлын тоо хоёр дахин ихэссэн нь Итали болон БНХАУ-д өмнө ажиглагдаагүй юм. Тухайлбал, Италид гарсан нийт тохиолдлын 80 хувь нь хойд гурван муждаа гарч байгаа бол Испани улсад гурван мужаас зургаа болон өргөжөөд байна.

Өнөөдрөөс БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлж буй бөгөөд Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн цуцална.

БНХАУ-д өдөрт 20 мянга орчим зорчигч олон улсын нислэгээр очиж, хоёр долоо хоногт 280 мянга гаруй хүн хилээр нэвтэрч байгаа нь халдвар импортлогдон орох эрсдэл бий болгож, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Харин дотоодын халдварыг тус улс хязгаарласан гэж үзсэн тул бизнесийн үйл ажиллагаануудыг шат дараатайгаар эхлүүлж, хэвийн амьдралын байдалдаа эргэн орж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Өнгөрсөн Баасан гарагт ДЭМБ-аас мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор эхлүүлсэн “What’s up” үйлчилгээнд 10 сая гаруй хүн нэгджээ.

ДЭМБ-аас FIFA хөл бөмбөгийн олон улсын байгууллагатай хамтарсан компанит ажлыг эхлүүлсэн.

Энэ ажлын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст өвчний тархалтыг зогсоох таван алхам дагахыг уриалж байгаа.

Үүнд:

  1. Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай уусмалаар гараа ариутгах
  2. Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах
  3. Вирус бие махбодод орохоос сэргийлж, аль болох нүүрэндээ хүрэхгүй байх
  4. Бусдаас нэг метрийн зай барих
  5. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл гэртээ байх зэрэг багтжээ" хэмээн хэллээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.