Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ: Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраахыг анхааруулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архангай аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 15 км-т Тамир багийн “Их тээл” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 12:17 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашинтайгаар ажиллаж, 21:00 цагт бүрэн унтрааж тус багийн багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Түймэрт 15 га талбай шатсан байна.

Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14,810 га хээрийн талбай шатжээ.


“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. 

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар