Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Stimulus Package буюу Идэвхжүүлэх багц - 1

ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: nytimes

COVID-19 халдварын улмаас дэлхий даяар жижиг бизнес хаагдаж, ажилгүйдэл өсөж, мөнгөний эргэлт удааширч, эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй боллоо. 

Үүнээс сэргийлэхийн тулд улс орнууд Stimulus Package буюу Эдийн засгаа идэвхжүүлэх мөнгөн зардлын багц гаргаж, эдийн засагтаа цутгаж эхэлсэн байна. 

  • АНУ 700 тэрбум
  • Австрали 11.4 тэрбум
  • Өмнөд Солонгос 9.8 тэрбум
  • Их Британи 37 тэрбум
  • БНХАУ 174 тэрбум ам.долларыг бага орлоготой иргэд, өндөр настан, жижиг бизнес эрхлэгчдэд тусламж болгон өгөхөөр шийджээ. 
  • Хонг Конг иргэн бүртээ $1,200, нэг сарын түрээсийн төлбөр, ахмадууддаа нэг сарын тэтгэвэр олгох боллоо. 
  • Германы KfW банк 610 тэрбумыг бизнес эрхлэгчдэдээ зээлдүүлнэ(гуравдугаар сарын 16-ны байдлаар)

Ийм төрлийн идэвхжүүлэх багц арга хэмжээг Монголын төр засгийн зүгээс хэрэгжүүлж, эдийн засгаа хумигдахаас сэргийлэх нь зүйтэй юм.

Монголбанк, Сангийн яамнаас эхний арга хэмжээг авч эхэлсэн. Бодлогын хүүг 1% бууруулсан, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгаж, НДШ-ээ хугацаандаа төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд торгууль, алданги тооцохгүй байх зэрэг хуулийн төслийн санаачилга гарсан. Түрээсийн зардалтай холбоотой нэг заалтыг би л лав ойлгоогүй. Татварын байцаагч тайлбарлаж өгнө гэж найдъя.

Мөнгөний бодлогын хэрэгслүүд эдийн засагт нөлөө өгөхдөө тодорхой хугацааны хоцрогдолтой байдаг. Үр дүн нь хүссэн зорилгодоо хүрдэггүй сул талтай.

Бодлогын хүү нэг хувь буурснаар зээлийн хүү тэр даруй буурч, амьдрал сайжирна гэдэгт би лав итгэхгүй. Заавал байлгах нөөц чөлөөгдсөн дүнгээр банкууд зээл нэмж гаргах уу? Үгүй л болов уу. Тэр болтол олон жижиг бизнес дампуурч, хүмүүс ажилгүй болох вий.

Монголбанк арилжааны банкуудад зээл өгч бэлэн мөнгөөр тэтгэх аргыг сонгох магадлал өндөр байгаа. 2009 оны хямралаар энэ аргыг хэрэглэж үзсэн юмдаг. Томоохон банкууд олон зуун тэрбумаар тэтгүүлж, улмаар дамжуулан зээлдүүлж, эдийн засагт нэмэр болох үүрэг хүлээсэн боловч зээл нэмж гаргаагүй, эрсдлийн сангийн алдагдлаа нөхөж, Засгийн газрын үнэт цаас авч, валютын арилжаа хийж, ашиг хүртсэн байдаг. Нэрийг нь одоо дурдаад яахав дээ. Сүүлд зарим нь дампуураад, төрийн мөнгөөр иргэдийн хадгаламжийг тавьж өгөөд дууссан. 

Алийн болгон татвар төлөгчдийн мөнгөөр буруу замаар явсан банкны алдагдал, эздийнх нь цөлмөснийг төлөх юм бэ? 

Анод банк 122, Зоос банк 91, Хадгаламж банк 300 тэрбумын хохирол учруулж байлаа. Капитал банкны хохирлыг 600 гэж байгаа бололтой. Дүн нь өсөөд л байх шинжтэй шүү. Одоо больёо хэдүүлээ.

Төсвийн зарлагаар явагддаг сангийн бодлого хамгийн хурдан үр дүнгээ өгөх суваг байх боломжтой. Харин төсвийн зарлагын ямар арга хэрэгслийг сонгох, хэрхэн олон нийтэд хүртээмжтэй байх талаар бүгд санаагаа уралдуулах учиртай.

Надад Австралийн туршлага их таалагдсан. 17.6 тэрбум австрали долларын тэтгэмжийн багцыг бага орлоготой, тэтгэвэр авдаг 6 сая иргэн, ажлаасаа чөлөө авч хүүхдээ гэртээ харах эхчүүдийн цалин, хямралд хамгийн их өртсөн аялал жуулчлалын жижиг, дунд бизнес эрхлэгч нарт 3 сарын 30-наас эхлэн 2 үе шаттай өгөхөөр шийдсэн байна.

Монголд ямар шийдэл байж болох вэ?

Ханиадны тархалтыг зогсоох гэж нойр хоолгүй зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч, цагдаа, хилийн алба, онцгой байдлын ажилтнуудаа 3 сарын цалингаар урамшуулъя. Цэцэрлэг, сургуулийн багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдье.

Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн мах, сүү, цагаан идээ, гурил, гоймон, өндөг, талх боорцог, төмс ногоо авдаг карттай болгоё. Угаасаа авдаг хэд нь амьдралд нь хүрэхгүй байгаа юм. Янмал оймс, утаагүй түлш, цахилгааны төлбөр, байшингаа засах хөнгөн блок, цементээ ч аваг. Манайхан өөрсдөө хийдэг юм чинь.

Ахмадууддаа ч карт өгье.

Дотоодын үйлдвэрээ ч давхар дэмжье. Монгол дотроо эргэлддэг зүйлд мөнгөө зарцуулъя. Тэгвэл жинхэнэ эдийн засгаа агшихаас хамгаалах бодлого болно.

Нээрээ санасан дээрээ хэлэхэд, архи биеийн дархлааг муутгадаг гэж ЭМЯ зөвлөж байна. Коронаг ашиглаад хатуу архи зарахыг хориод, архидалтаа хумьж болохгүй юм байхдаа. Эрсдлийг боломж болгомоор юм.

Жижиг, дунд компаниудын 2019 онд төлсөн ашгийн татварыг буцаан олгоё. Ажилчдаа цалинжуулж, халагдахаас нь аврах байх. Татвараа шударгаар төлж байсан нь нэг удаа ч гэсэн урамшаад аваг. Угаасаа тэдний төлсөн татвар учраас нэг удаа буцаахад бусад нь барьцахгүй л байх.  

За одоо тоо бодъё.

Гурван сарын урамшуулал олгогдох нь:

  • Эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууд гээд 20,151 хүн, дундаж цалин 1,041,000 буюу нийт 62.9 тэрбум.
  • Төрийн тусгай албан хаагч 38,083 хүн, цалин 1,100,000 буюу нийт 125.7 тэрбум төгрөг (цагдаа, хилийн алба, онцгой байдал гэж хайсан боловч мэдээлэл нууц бололтой тул бүх тоог авч тооцов)

Он дуустал сар бүр картаараа 200,000 төгрөг авах нь:

  • Багш нар - 43,380 хүн
  • 70-аас дээш настан - 77,634 хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн - 105,730 хүн
  • Өрх толгойлсон эхчүүд - 69,503 (Сүүлийн 2 тоо үнэн бол сэтгэл түгшээсэн баримт байна)

Нийт 327,474 хүнд 721.8 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж өгч, түүгээр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах эрх олговол олон хүнд хүртээмжтэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн идэвхжүүлэх багц болмоор санагдаж байна. Хүн амын 10%-д хүргэнэ гэдэг өндөр амжилт болов уу. Тэдний ард гэр бүл, хүүхдүүд нь бий.

Харин энэ мөнгийг хаанаас яаж олох вэ гэж уншигчид сонирхох нь гарцаагүй. Тэгвэл шийдэл тун ойрхон байна.

Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөг судалж үзэхэд Багийн иргэний танхим, ахмадын өргөө барих, будаг шунхаар өнгө засах, шинэ хороо, соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэх, түүнд хөгжим худалдан зэрэг тууз хайчлах, сонгуулийн үеэр санал худалдаж авах авилгын шинжтэй, ирээдүй хойч үед маань үр өгөөжгүй маш олон төслүүдэд 802 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байгааг олж жагсаалт гаргасан байгаа.

Энэ талаар өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй бичсэн тул ингээд орхилоо. Мөнгө бэлэн байгаа. Төсвөө тодотгож өөрчлөхөд л болчих юм. Уг нь амархан бөгөөд хамгийн зөв зам.

Одоо харин төсвөө тодотгож өөрчлөх, ард иргэд, эдийн засагтаа хэрэгтэй зүйлд зарцуулахыг төр засгаасаа шаардахыг бүгдэд нь уриалж байна. Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийнхээ хэргийг гаргая. Бусад эмнэлэгтээ тоног төхөөрөмж, эм хэрэгсэл авах мөнгө ч сулрахаар байна.

Бид сонгуульд зорьж амьдраагүй. Сонгуулийн дараа монголчуудын амьдрал үргэлжлэх ёстой...

Үргэлжлэл бий.

 

Австралийн Үндэсний их сургуулийн магистр, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир