Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Африкийн нэлээд хэдэн улс шинээр хөл хорио тогтоож, хилээ хаасан байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвар гарсан улс орнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд иргэддээ хандаж “Энэ цар тахлын үед эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл хамааран ямар ч улсын эрүүл мэндийн салбарт амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний ор, эмч, сувилагч хангалттай биш байгаа.

Иймээс гэрийн хөл хорионд орж байж тархалтыг тогтоон барих зайлшгүй шаардлага гарч байна" гэж мэдэгдсэн. 

Мөн хөл хорио тогтоох хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай зүйлээ худалдан авах болоод эмнэлгийн тусламж авах, тусламж шаардлагатай иргэдэд туслахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

Түүнчлэн гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх бол ганцаараа аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.

Хөл хорионы дэглэмийг зөрчсөн тохиолдолд Цагдаагийн ажилтнууд торгууль оногдуулах, бөөгнөрлийг хүчээр тараах эрхтэй байхаар арга хэмжээ авжээ.

АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 100 гаруй хүн нас барж, нийт халдварын тоо 43 мянгад хүрлээ. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор олон муж улсын захирагчид оршин суугчдадаа гэрээсээ гарахыг хориглосон шийдвэрийг гаргасаар байгаа юм.

Мөн дэлхийн бусад улс, орны адилаар АНУ-д хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсэж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхийг хориглосон тушаал, шийдвэрт тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зуржээ.

Тус улсад өнгөрсөн долоо хоногоос зарим мужуудад иргэд нь даавуун амны хаалт хэрэглэж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Шинэ Зеланд улс Пүрэв гарагаас эхлэн улсын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэхүү шийдвэрт хүн нэг бүрийн хүчин чармайлт гаргаж байж үр дүнд хүрнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандаж хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Түүнлэн Африкийн нэлээд хэдэн улс шинээр хөл хорио тогтоож, хилээ хаасан байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.