Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: АНУ-аас өгч буй тусламжийг иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцлоо.

Тэрбээр “Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд халдвар авахад 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна.

Энэ нь COVID-19-ийн халдвар ямар хорон чанартай гэдгийг илэрхийлж байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн" гэж байсан.

Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа.

Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж буйд АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа тусламжийг бид иргэдээ энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно" гэлээ.

АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг өнөөдөр зарласан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.