Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Италид шинэ халдварын тохиолдол сүүлийн 5 өдрийн доод хэмжээнд хүрсэн нь найдлага төрүүлж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Итали улсад илэрсэн коронавирусийн халдварын тоо сүүлийн таван өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийт 4,789 шинэ тохиолдол илэрчээ. Ням гарагт энэ тоо 5,560, Бямба гарагт 6,557 байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан, Пүрэв гарагуудад ч үүнээс олон халдварын тохиолдол илэрч байжээ.

Итали дахь коронавирусийн тахлын төв болсон Ломбарди мужид мөн анх удаа шинэ халдварын тоо буурсан байна. Энэ нь Европ тивийн хамгийн хүнд нэрвэгдсэн Итали улсад тахлын оргил үе өнгөрч байж магадгүй гэсэн найдлага төрүүлж байгаа юм.

“Маш хүнд хэцүү нэг сарын хугацаанд бид анхны нааштай мэдээг сонсож байна. Одоо ялалтын дуу дуулах цаг биш ч гэсэн хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” гэж Ломбарди мужийн эрүүл мэндийн газрын захирал Жулио Галлера мэдэгджээ.

Нэгдсэн дүнгээр коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол Италид 63,927 хүрсэн нь зөвхөн Хятадын 81,093-ын дараа орох муу үзүүлэлт юм.

Даваа гарагт тус улсад халдвартай 601 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 6,077 болгожээ. Энэ тоо ч өмнөх амралтын өдрүүдийн тооноос буурсан үзүүлэлт юм.

Нийт халдварын тоотой харьцуулсан эндэгдлийн хувь Италид 9.5 байгаа нь дэлхийн дундаж болох 4.4-өөс өндөр байна.

Италичууд ийнхүү хонгилын үзүүрийн гэрлийг харж эхэлж байхад Европын хоёр дахь том тахлын төв Испани улсад байдал улам хүндэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Испанид 462 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш хамгийн өндөр тоо болж байна.

Бас нэг муу мэдээ нь тус улсад илэрсэн нийт 33,000 гаруй халдварын тохиолдлын арав гаруй хувь буюу 4,000 орчим нь эмч, эмнэлгийн ажилтнууд байгаа юм.

Испанийн засгийн газрын шадар сайд Кармен Калво амьсгалын замын өвчнөөр өвчилж, Ням гарагт эмнэлэгт хэвтжээ. Түүнээс коронавирусийн шинжилгээ аваад хариуг нь хүлээж байгаа гэнэ.

Засгийн газрын хоёр сайд болон ерөнхий сайд Педро Санчезийн гэргий Covid-19 халдвартай нь өнгөрсөн долоо хоногт тогтоогдсон юм.

Өчигдөр Германы канцлерь Ангела Меркелийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч дахин шинжилгээ авахаар болсон байна.

Канцлерийн биед үзлэг хийсэн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн тул Меркель Ням гарагаас эхлэн өөрийгөө тусгаарлаад байсан юм.

Өчигдөр Их Британи улсад гурван долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоож байгааг ерөнхий сайд Борис Жонсон зарлажээ. Тэрээр энэ шийдвэрээ коронавирусийн тархалтыг удаашруулах зорилготой гэж тайлбарлаж байна.

Даваа гарагт Их Британид 54 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 335 хүрсэн юм. Ням гарагт тус улсад илэрсэн нийт халдварын тохиолдол 5,683 байсан бол Даваа гарагт 6,650 болж нэмэгджээ.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.