Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улаанбаатар хот сайжруулсан түлштэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байсан. Энэхүү бэлэн байдлын зэрэг гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болно” гэдгийг мэдэгдлээ.  

Мөн тэрбээр "Энэ хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээлж байна. Сүүлийн гурав хоногт нийт 15 өрхийн 50 иргэн хөнгөн хэлбэрээр угаарын хордлогод орж, зөвлөгөө мэдээлэл авсан.

Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч нийслэлд хаврын улиралд галлагааны аюулгүй байдал болон объекийн гал түймэртэй холбоотой угаарын хийн хордлого ихэсдэг олон жилийн дундаж бий. Энэ эрсдэл буураагүй гэдгийг сануулж, албаныхны өгч буй зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан 3,000 гаруй өрх байна. Энэ нь голдуу хөдөө, орон нутгаас ирээд зөвшөөрөлгүй газарт буусан айл, өрхүүд байна.

Мөн хаврын хуурайшилт ой хээрийн түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбоотойгоор Байгаль орчны тухай хуулиар ногоон бүс рүү орохыг хориглосон. Иймд иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх зорчсон тохиолдолд ой хээрийн түймрээс сэргийлэх, галын аюулгүй байдлыг онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.