Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Энэ сарын 21-нд 60 настай иргэн гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

"Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна"

 
Гэрэл зургийг Mpa.mn /2020.03.05-ны зургийг ашиглав/

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 60 настай эмэгтэй А гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа.

Тухайн айлын галлагаа дээр тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг бөгөөд яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байсан.

Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна" гэв.

Үргэлжлүүлэн "Холбогдох газраас айл өрхүүдэд галлагаа болон зуухны аюулгүй байдал дээр анхаарах сэрэмжлүүлэг өгч байгаа. Эдгээр зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд угаарын хордлогод өртөх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Сайжруулсан түлшийг түлж байгаа тохиолдолд байнга зуух, яндангийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Мөн угаарын хордлогод өртсөн айлуудаас угаар мэдрэгчээ эвдсэн, ажиллаагүй гэх тохиолдол ч гарсаар байна.

Өнгөрсөн 7 хоногт мэдрэгчүүд орж ирснийг энэ долоо хоногтоо багтаан аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулалттайгаар айл өрхүүдэд хүргэнэ.

Сайжруулсан түлшийг ганц Монгол Улс хэрэглэж байгаа юм биш. Хөгжилтэй орнуудад ч гэсэн угаарын хордлого гэх зүйл байгаа бөгөөд тэд ч айл өрхүүддээ аюулгүй байдалдаа анхаарахыг зөвлөдөг” гэлээ.

"Угаар мэдрэгч агаар сэлгэлт маш сайн хийсний дараа өөрөө дуугарахаа больж, хэвийн горимд шилжих ёстой"

 
Гэрэл зургийг Mpa.mn /2020.03.05-ны зургийг ашиглав/

"Одоогийн агаарын тоос тоосонцрын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51 хувиар, PM2.5 тоосонцор 40 хувиар буурсан" хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Ж.Даваажаргал хэлэв.

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн оны мөн үед агаарын чанарын индекс бохирдолтой болон бага бохирдолтой байна гэсэн үзүүлэлттэй байсан бол энэ оны гуравдугаар сарын байдлаар хэвийн, цэвэр зарим газраар бага бохирдолтой гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Угаарын мэдрэгч дээр гарч буй тоон үзүүлэлт өндөр байх тусмаа хурдан дуугардаг. Тэгэхээр айл өрхүүд угаарын хий мэдрэгчийг ямар нэг байдлаар дуут дохио өгсөн тохиолдолд өрөө тасалгааныхаа агааржуулалтыг сайн хийх зүйтэй.

Агаар сэлгэлтийг маш сайн хийсний дараа төхөөрөмж өөрөө дуугарахаа больж, хэвийн горимд шилжих ёстой.

Дулаарч байгаатай холбоотойгоор иргэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж галлагаатай холбоотой бүх зүйл дээр анхаарах хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.