Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас улс орон даяар иж бүрэн хяналт тавьж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг 14 хоног ажиглалтад байлгаж, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж байгаа. Үүнд цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж, хяналт тавин ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хаана хэдэн иргэн ажиглалт, тусгаарлалтад байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж, нөхцөл байдлыг танилцууллаа. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллагаас улс орон даяар иж бүрэн хяналт тавьж байна. Үүний үр дүнд гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс бусад тохиолдолд Монгол Улсад вирусийн халдвар гараагүй гэдгээ нотолсон" гэв. 

Тэрбээр одоогийн байдлаар орон нутагт ажиглалт, тусгаарлалтад буй иргэдийн тоог дараах байдлаар танилцуулав. Тодруулбал:

  • Ховд аймагт ажиглалтад гурван хүн байна. Аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.
  • Увс аймагт 58 хүн, нэг гадаад иргэн ажиглалтад байна. Мөн Боршоо боомтоор орж ирж буй машинуудад хяналт тавьж байгаа.
  • Завхан аймгийн Тэсээр нэг хүн явганаар орж ирсэн тул тухайн өдөр нь ажиглалтад авсан.
  • Дархан-Уул аймагт ачаалал нэмэгдсэн тул Орхон аймагт 86 хүнийг ажиглалтад авсан. МХЕГ, ОБЕГ, цагдаагийн байгууллагын Ажлын бүлэг ажиллаж байна.
  • Дархан-Уул аймагт 173 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад байгаа. Ачаалал хэвийн байна.
  • Сэлэнгэ аймагт ачаалал ихтэй байгаа. Нийтдээ 186 хүн ажиглалтад байна. Цаашид ч ачаалал нэмэгдэхээр төлөвтэй.
  • Дорнодод ажиглалтад 10 хүн бий.
  • Дорноговь аймгийн уурхайд хорио цээр тогтоосон байна. 

Харин Улаанбаатар хотод нийт 10 газарт иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авжээ. Цагдаагийн ерөнхий газраас танилцуулснаар

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиглалтад 191, тусгаарлагдсан дөрвөн хүн, өвчтэй 10 хүн байгаа аж.
  2. Цэргийн төв эмнэлэгт 119 хүн
  3. Асралт мед эмнэлэгт 76 хүн
  4. Бага баян цэргийн амралтад 90 хүн
  5. Парк зочид буудалд 53 хүн
  6. Амар зочид буудал хотын төвд, автобусны буудалтай ойролцоо учир онцгойлон анхаарч, хамгаалалтад ажиллаж буй алба хаагчид тусгай хэрэгслүүдтэй байгаа. Энд 169 хүн
  7. Жаргалант сувилалд 95 хүн 
  8. Наранбулаг зочид буудалд 79 хүн 
  9. Энхсаран сувилалд 171 хүн 
  10. Зүчи зочид буудалд 88 хүн тус тус ажиглалтад байгаа юм.

Мөн Турк улсын ЭСЯ-нд хоёр хүн ажиглалтад авсан байна.

Тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлахгүй бол үүдэнд нь "Тусгаарлалт 14 хоног" гэх наалт наана

Нийт ажиглалтад, тусгаарлалтад байгаа иргэдийн 14 хоног нь дууссаны дараагаар дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. Энэхүү дэглэмээ сахихгүй бол иргэдийн гэрийн үүдэнд "Тусгаарлалт 14 хоног" гэх наалт наах бөгөөд наалт наасан газарт орохгүй байж, тойрч явахыг цагдаагийн хурандаа Ж.Амгалан анхаарууллаа.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх мэдлэг олгохоор гарын авлагыг гарган тараажээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.