Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шоронд хоригдож байгаа кино продюсер асан Харви Уэйнштэйн коронавирусийн халдвар авсныг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бэлгийн халдлага, хүчингийн хэргээр 23 жилийн хорих ял эдэлж байгаа Холливүүдийн алдартай продюсер асан Харви Уэйнштэйн шинэ коронавирусийн халдвар авсныг эх сурвалж мэдээлжээ.

68 настай Уэйнштэйн одоо Нью Йорк мужийн Вендэ засан хүмүүжүүлэх төвд тусгаарлагдаад байгааг тус мужийн цагдаа, шоронгийн харгалзагч нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Майкл Пауэрс мэдээлсэн байна.

Уэйнштэйний шинжилгээний хариу Ням гарагийн өглөө гарч, халдвартай нь тогтоогдсон гэнэ. Хэд хэдэн шоронгийн ажилтан тусгаарлагдсан бөгөөд халдвараас хамгаалах хэрэгсэл хангалтгүй байгаагаас тэдний зарим нь халдвар авсан байж болзошгүй гэж Пауэрс мэдэгджээ.

Гуравдугаар сарын 11-нд Нью Йорк мужийн шүүх Уэйнштэйнд 23 жилийн хорих ял оноосон юм. Түүнд өөрийн туслах эмэгтэй Мими Халэйгийн биед хүчиндэх зорилгоор халдсан, ирээдүйтэй жүжигчинд тооцогдож байсан Жессика Манныг хүчиндсэн хэрэгт ял оноож байв.

Ял сонссоныхоо дараа Уэйнштэйн зүрхний өвчнөө эмчлүүлэхээр Манхэттений эмнэлэгт цөөн хоног хэвтэж байсан юм. Нэрт продюсер асныг бас цусны даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижин өвчтэй гэлцдэг.

Харви Уэйнштэйнийг яллаж, шийтгэл оноосон нь эрх мэдэл бүхий эрчүүдээс эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх явдлыг эсэргүүцсэн #MeToo хөдөлгөөнийхний хувьд томоохон ялалт болсон юм.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хохирогч болсон нийт 100 гаруй эмэгтэй Уэйнштэйний эсрэг гомдол гаргаж байв.

Харви Уэйнштэйн нь “Shakespeare in Love” киногоор Оскарын шагнал хүртэж, “Pulp Fiction”, “The English Patient”, “Gangs of New York” зэрэг өөр хэд хэдэн алдартай бүтээлд оролцож байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.