Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас УИХ-ыг яаралтай хуралдуулж, төсөвт тодотгол хийхийг дахин шаардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
АН-аас УИХ-ыг яаралтай хуралдуулж, төсөвт тодотгол хийхийг дахин шаардлаа
Sara, ikon.mn - text to speech

УИХ дахь АН-ын зөвлөлөөс шинэ коронавирусийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д санал дахин хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэтэл УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. УИХ-ын дарга, гишүүд хаана, юу хийж явна вэ. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.

Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна” гэлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр тус намын ҮБХ цахимаар хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. 

Мөн тэрбээр “Би иргэдээ алагчилсан асуудлыг яриагүй. Гадаадад байгаа иргэдийг тэнд нь үлдээ гээгүй. Эрсдэлтэйг нь мэдэж байж авчирч байгаа асуудлыг хөндсөн. Харин үүнийг маань мушгин гуйвуулж байна.

Тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа юм, хэн үүнд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл огт алга. Энэ мэдээллээ нийтэд ил болгох хэрэгтэй. 

Халдвар авсан хүмүүсийг мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт нэг нислэгээр авчирсан. Гадаадаас ирсэн иргэдийг 14 биш 28 хоног тусгаарлаж, зургаагаас дээш удаа шинжилгээнд хамруулах, тусгай нислэгийн явцад ирэх иргэдийн жагсаалтад танил тал харгалзахгүй оруулж буй талаараа нээлттэй мэдээлэл хийхийг шаардаж байна.

Сурталчилгаа хийх зорилготой зураглаач гэх мэт хүмүүсийг тээвэрлэж, эрсдэл бий болгохгүй байх хэрэгтэй. Эдгээр шаардлагыг мушгин гуйвуулах хэрэггүй. Энэ байр сууриндаа бат зогсох болно” гэв. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.